Эдийн засгийн өсөлт удаашралтай байна

2015-09-14 09:45:32

Эдийн засгийн удаашралтай байдал статистик мэдээллээс харагдаж байгаа талаар Үндэсний Статистикийн Хорооны Нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг мэдээллээ.

Салбар тус бүрээр нь авч үзвэл өмнөх оны түвшинд хүрч өссөн нь цөөхөн байгааг онцолж байна. Тухайлбал аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл оны үнээр дөрвөн хувиар буурсан төдийгүй ургац хураалтын хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байгаа аж.

Мөн эдийн засгийн удаашрал төсвийн орлого бүрдэлтэд нөлөөлж, энэ оны эхний найман сард нэгдсэн төсвийн алдагдал 770 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна. Импортын хэмжээ нэг тэрбум ам.доллар, экспортын хэмжээ 320 орчим сая ам.доллараар буурснаар гадаад худалдааны бараа эргэлт 1.3 тэрбумаар хумигдсан болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс инфляцийн хурд саарсан, шинээр ажилд орох хүсэлтэй байгаа иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа, гадаад худалдааны ашиг 705 сая ам.доллар болсон зэрэг нааштай үзүүлэлтийг мөн онцолж болохоор байна. Жил бүрийн наймдугаар сард инфляцид боловсролын үйлчилгээний үнийн өсөлт нөлөөлдөг аж.

Энэ оны наймдугаар сарын хувьд сургалтын төлбөрийн өсөлтийн улмаас боловсролын салбар инфляцид 23 хувийн нөлөө үзүүлсэн бол хүнсний бүтээгдэхүүн, ус, ундааны бүлгийн үнэ дөрвөн хувиар буурсан байна. Ингэснээр инфляцийн сарын өсөлт сүүлийн таван жилийн хамгийн бага буюу 0.1 хувиар хэмжигджээ.

Харин өмнөх жилийн өдийд хоёр оронтой тоон өсөлтөөр хэмжигдэж жилийн инфляци 6.6 хувьтай гарсан юм. Ерөнхийдөө энэ оны тавдугаар сараас хойш бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх хандлага хадгалагдсан хэвээр байгааг Үндэсний Статистикийн Хорооноос онцолж байна.

Эх сурвалж gogo.mn