"1990-ээд оны Азийн хямралаар ам.доллар гадагшлахыг хянаж, хүндрэлийг давсан түүх бий"

2022-04-27 13:19:27

"Орос-Украины дайны улмаас Монголын эдийн засагт тулгарч буй сорилтууд" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийг  Монголын банкны холбооноос зохион байгуулж, эдийн засагч, судлаач Н.Энхбаяр, Б.Лхагважав, МУИС-ийн багш, Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшингтөгс, дипломатч, олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон, байр сууриа илэрхийлэв.

Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Барааны үнэ  өссөн тул ам.долларын бодит ханш мөн өслөө. Дундаж орлоготой америк иргэн 100 ам.доллартай дэлгүүр ороод тэрэг дүүрэн хүнс авах бол манайд хоёр тор л дүүрнэ гэсэн үг юм.

Манай улсад мөнгөний нийлүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол арван хувиар өссөн. Энэ нь ханшийг өсгөсөн нэг хүчин зүйл мөн. Ханшийн өсөлтийг дан ганц төлбөрийн тэнцлээр тайлбарлах хангалтгүй. Эдийн засагт төгрөг эргэлдэж байна. Төгрөгийн хэмжээ өссөн тул ам.долларын үнэ өссөн.  Төв банкны үнэт цаасанд банкнууд сайн дураараа 4-5 их наяд төгрөг  байршуулсан. Үүнийг зээл болгон гаргах хэрэгтэй. Ханшийг бууруулах орон зай бий. Өмнө нь ханш савлахад Монгол банк интервенц хийх замаар мөнгөний захад оролцдог байв.

Харин одоо хөрөнгөд хяналт тавьж эхэллээ. Энэ сарын 22-оос эхлэн Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглов. Аль болох ам.доллараа дотоодод авч үлдэх гэж хичээж, хяналтгүй орхичихвол гараад явчихна гэж айж байна.

Манай улс энэ шийдвэрийг түүхэндээ анх удаа гаргалаа. Өмнөх хямралын үеэр энэ шийдлийг хөндөхөд ОУВС, Дэлхийн банк гэх мэт байгууллагууд хөрөнгийн урсгал чөлөөтэй байх ёстой, ханшийг хүчээр тогтвортой байлгах нь буруу гэж үздэг байв. Гэхдээ 1990-ээд онд Азийн орнуудад хямрал болоход хөрөнгийн хяналт тогтоон, хямралыг гэтэлсэн түүх бий. Бид анх удаа энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа тул бидэнд ямар ч түүх сургамж байхгүй.

Ер нь ам.долларын үнэ өсөнгүүт иргэд, Төв банк ч сандардаг. Яагаад бид нийтээрээ төгрөгийн ам.долларын эсрэг ханш тогтвортой байх ёстой гэж боддог юм бэ? Валют хөрөнгийн нэг хэлбэр тул үнэ хэлбэлзэх нь энгийн үзэгдэл. Гол нь инфляцын өсөлттэй уялдаатай байх ёстой. Төв банк төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн өгүүлбэрийг хуульд оруулсан тул иргэдийг төөрөгдүүлж байна. Ам.долларын үнийг эрэлт нийлүүлэлт тогтооно.

Энэ оны эдийн засгийн өсөлтийг 2.4 хувь гэж тооцоолсон ч үүнд хэт найдаад хэрэггүй. 0.5 хувиар өсөх муу хувилбар ч бий. Тодорхойгүй байдал маш их байна” гэв.

Харин зарим эдийн засагч төрөөс валютын гадагшлах урсгалыг зогсоох зорилгоор гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байна. Тэд иргэн, ААН-үүдийн хувийн хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, шилжүүлэх эрхийг хууль бусаар зөрчиж байна гэж үзэж байгаа юм.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд зааснаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон юм.