Ажиллагсдын бодит цалин 2015 оноос хойш 25.2 хувиар нэмэгджээ

2022-12-14 09:06:54

Монгол Улс дахь олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудын сарын цалин ₮4.5 сая байна

Энэ оны III улирлын байдлаар ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 94.7 хувиар нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлдэг бодит цалин 25.2 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

III улирлын эцсийн байдлаар дундаж цалин 1.57 сая төгрөг болж, өмнөх улирлаас 1.8 хувиар өсжээ. Эрэгтэй ажиллагчдын дундаж цалин 1.7 сая төгрөг, эмэгтэй ажиллагчдынх 1.4 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Үүнээс олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдынх 4.5 сая төгрөг буюу хамгийн өндөр, урлаг үзвэр, тоглоомын үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу нэг сая төгрөг байна.

Мөн дундаж цалин аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооноос шууд хамаарч байгааг Үндэсний статистикийн хороо онцлов. Тухайлбал: 1-9 хүнтэй байгууллагын дундаж цалин 977.4 мянган төгрөг байхад, 100-199 хүнтэй 15.9 сая төгрөг байгааг Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн тооцоолжээ.

Үүнээс гадна Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 22.7 хувийг, гурван сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 8.8 хувь байна.

Монголбанкны үзэж байгаагаар нэрлэсэн цалинг өсгөх нь орлогын өсөлтийн нөлөөгөөр эрэлтийн инфляцыг өдөөж, инфляц илүү хурдтай нэмэгдэх эрсдэл үүсэж болзошгүй. Мөн дунд хугацаандаа цалин өсөж, үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийг сааруулна гэж Монголбанк есдүгээр сард гаргасан тайландаа дурдсан байна.

2023 оны улсын нэгдсэн төсөвт Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр 266.3 тэрбум төгрөг тусгасан бөгөөд цалингийн тогтолцооны шинэчлэл хийнэ гэж Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд мэдээлсэн юм.

З.Энхболор