Төсөвт тодотгол хийх нь тодорхой боллоо

2015-09-24 10:01:08

Төсвийн алдагдал 769.2 тэрбум төгрөгт хүрлээ. Эхний найман сарын байдлаарх төсвийн нийт зарлага 4345.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин орлого дөнгөж 3576.7 тэрбум төгрөг байгаа юм. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс тав дахин нэмэгджээ. 2014 оны эхний найман сард төсвийн алдагдал 153 тэрбум төгрөг байсан. Харин энэ оны эхний найман сард 769.2 тэрбум төгрөг болоод байна. Алдагдал ийнхүү асар ихээр нэмэгдэхэд зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 15.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

 

Сангийн яам уг нь аль эртнээс л төсвийн алдагдал нэмэгдэх хандлагатай, орлого бүрэлдэхгүй байгааг мэдэгдэж байсан. Тиймээс шаардлагагүй зардлаа танах чиглэлд анхаарч буйгаа дуулгаж байлаа. Гэвч бодит байдалд өнгөрсөн хугацаанд төсвийн зардлаа хангалттай танаж чадсангүй. Наймдугаар сард төсвийн нийт зардал өмнөх сарынхаас 40.5 тэрбум төгрөг буюу 6.7 хувиар л буурчээ. Цаашдаа зардлаа хангалттай хэмжээгээр бууруулж чадахгүй, мөн орлогоо нэмэгдүүлж чадахгүй бол тодотгол хийхээс өөр аргагүй болно.

 

Он дуустал дахиад гурван сарын л хугацаа байна. Энэ хугацаанд төсвийн орлого огцом нэмэгдэж шалихгүй. Тиймээс орлогодоо тааруулж зардлаа бууруулах шаардлага зүй ёсоор тулгарсныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт онцолжээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Алдагдал энэ хэвээр явбал, оны эцэст 3 хувьд хүрэх тооцоолол байна. Тиймээс төсөвт тодотгол хийхээр бэлдэж байна. Удахгүй Засгийн газарт танилцуулна. Эхний ээлжинд хэрэгжүүлж эхлээгүй төсөл, арга хэмжээ, энэ ондоо дуусах боломжгүй ажлуудын санхүүжилтийг зогсооно. Дараагийн ээлжинд шаардлагагүй зардлыг хасна. Жишээ нь гадаад, дотоод томилолт, бичиг хэрэг, байр зэрэг хасч болох зардлыг танахаар бэлдэж байна” гэжээ. Мөн тэрээр төсвийн зарлагаа танах зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг гэдгийг онцолсон байна.

 

Хуулиар төсвийн алдагдал 3 хувиас хэтэрвэл тодотгол хийх нөхцөл бүрдсэн гэж үздэг. Долоодугаар сарын байдлаар 630 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байсан. Харин одоо 769 тэрбум төгрөгт хүрч, сарын дотор 130 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна. 2015 оны төсвийг батлахдаа 400 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Тэгэхээр алдагдал төлөвлөснөөс 300 гаруй тэрбум төгрөгөөр хэтрээд байна.

 

Хэтэрсэн алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх вэ. Шууд зээл авах нэг сонголт бий. Гэвч Монгол Улс өмнө нь авсан зээлүүдээ төлж эхлээгүй байна. Дээрээс нь өр, зээлүүд эдийн засагт аажмаар дарамт үүсгэх эрсдэлтэй. Тэгэхээр шинэ зээл авах сайн сонголт биш. Эсвэл орлогоо бодитойгоор нэмэгдүүлэх. Нэгэнт найман сарын турш төлөвлөсний дагуу орж ирээгүй орлого дараагийн гурван сард огцом нэмэгдэх боломжгүй. Тэгээд ч УИХ анхнаасаа л Засгийн газарт төвлөрөх боломжгүй, “мөрөөдлийн” орлоготой төсөв баталж өгсөн гэлтэй. Ийм нөхцөлд орлогыг нэмэгдүүлэх боломж мөн л хомс байгаа юм. Үлдсэн гурав дахь сонголт нь төсвийн зардлаа танах. Сонгуулийн өмнөх жилд сургууль цэцэрлэг, зам харгуй ахиу барих шаардлага улстөрчдөд бий. Гэвч энэ удаад “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” төсвөө танахаар өөр яах билээ. Хэт хөөрсөн “мөрөөдлийн жагсаалт” биелдэггүй гэдгийг улстөрчид сүүлийн 2-3 жилийн хугацаанд хангалттай л харлаа.  

 

Монгол Улсын төсөв 2013, 2014 онуудад жил дараалан нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Үүнээс үүдэн төсөвтөө их наядын тодотгол хийж байлаа. Энэ удаад ч бас төсвийн алдагдал нэг их наяд руу дөхөөд ирлээ. Анх батлагдах үед нь орлого 900 орчим сая төгрөгөөр дутах магадлалтай гэх тооцооллыг эдийн засагчид хэлж байсан. Бараг л хэлсэн ёсоор болох нь. Ямартай ч ирэх намрын чуулганаар УИХ Төсвийн тодотголыг хэлэлцэх нь нэгэнт тодорхой болж байх шиг байна.

Эх сурвалж eagle.mn