Хадгаламжийн хүүнээс татвар авах нь зөв үү

2015-10-01 11:40:28

Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс татвар авахаар хуульчилжээ. Тодруулбал, та банкинд 10 мянга, 10 сая төгрөг хадгалуулсан байлаа ч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д зааснаар банкны бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах аж.

 

Монгол Улсын нийт хадгаламж 7.2 их наяд орчим төгрөг юм байнаҮүнийг жилийн 15 орчим хувийн хүүгээр тооцоод хүүнээс нь 10 хувийг нь татвар авбал улсын төсөвт жилд 80 орчим тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарчээ. Хадгаламжийн даатгалын тухай хуульд 2012 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 100 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авдаг байсан ч 2016 оноос ийн өөрчлөгдөж буй юм.

 

Нийт хадгаламж эзэмшигчдээс 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай нь гурван хувь. Тэд нийт хадгаламжийн 70-80 хувийг эзэмшдэг гэх судалгаа байдаг аж. Энэ татварыг дэлхийн ихэнх оронд авдаг байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт сайн үед авч болдог аж.

 

Харин манай улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй ийм үед иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь хэр оновчтой вэ. Үүнд эдийн засагчид хэрхэн хариулсныг хүргэе.

 

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа:

 

 

-Банкин дахь иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авч эхэллээ. Иргэдийн хуримтлалд ингэж халдах нь зөв юм уу?

 

-Хадгаламж бол банкны үндсэн эх үүсвэр. Үүн дээр банкны өрсөлдөөн харьцангуй шударга явагддаг. Тиймээс хүүгийн өрсөлдөөн их. Инфляцийн түвшинтэй харьцуулахад манай банкуудын хадгаламжийн хүү өндөр. Хадгаламжид янз бүрийн нөхцөл бий. Хадгаламжийн даатгалын тухай хууль 2012 онд батлагдсан. Саяхан болтол 100 сая төгрөгөөс дээш хадгаламжаас татвар авч байсан. Хууль батлагдаж байхад Банкны холбоо байр сууриа илэрхийлж байв. Бид эх үүсвэр хомс, эдийн засгийн хуримтлалын соёл багатай манай орны хувьд хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй байвал яасан юм гэх байр сууриа илэрхийлж байсан. Хууль нэгэнт батлагдсан учраас одоо ямар нэг байр суурь илэрхийлээд нэмэргүй. Хуулиа мөрдөөд явахаас өөр аргагүй. Ер нь нэгэнт орлого олж байгаа юм чинь татвар төлөхөд буруу зүйл байхгүй. Харин одоо хэрэгжүүлж эхлэх нь цаг хугацааны хувьд ямар вэ гэх асуудал гарч ирж байна. Эдийн засгийн хямралтай, зогсонги цааш яах нь тодорхойгүй, гадаадын хөрөнгө оруулалт хэзээ идэвхжих нь тодорхойгүй үед хадгаламжийн хүүгийн орлогоос татвар ногдуулж байгаа нь өрөөсгөл. Гэхдээ 10 хувь гэдэг хэт өндөр биш. Орлого олж байвал их бага хэмжээгээр татвар төлөөд хэвшээд явахад буруудах зүйлгүй.

 

-Банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ-нд мөнгөө хадгалуулах явдал эргээд ихсэх юм биш байгаа?

 

-Өмнө нь авдаггүй байсан татвар аваад эхлэхээр банкны хадгаламжийн хэмжээнд тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Гэхдээ тэр нь банкуудыг хүнд байдалд орохуйц хэмжээний ялгаа гарахгүй байх. Яагаад гэвэл мөнгөө хадгалуулж байгаа хүн хүүнээс нь 10-хан хувийн татвар авлаа гээд бүх мөнгөө гудсан дороо хадгалахгүй байх. Монголд түүнийг нөхөх хувилбар хөрөнгө оруулалт багатай. Тиймээс онцгой том нөлөө үзүүлэхгүй болов уу. Гэхдээ Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж буй Засгийн газрын бондын хүү өндөр. Түүнээс татвар авдаггүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас гаргаж буй үнэт цаас өндөр хүүтэй. Тэгэхээр Засгийн газар арилжааны банкуудаас илүү давуу эрхийг иргэдэдолгож байна. Засгийн газар банкуудын өрсөлдөгч болж байгаа нь зөв үү буруу юу гэдэг нь асуудал болж байна.

 

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

 

 

-Банкин дахь иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авч эхэллээ. Иргэдийн хуримтлалд ингэж халдах нь зөв юм уу?

 

2012 онд батлагдсан уг хуулиар 100 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар авч байсан. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүх хадгаламжийн хүүнээс татвар авч эхлэх гэж байна. Зах зээлийн эдийн засгийн зарчим нь аливаа орлогоос татвар авах ёстой. Тэгэхээр хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах боломжтой. Гэхдээ аливаа татварын зарчим давхардалгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг орлогод давхар татвар ногдох ёсгүй. Энэ зарчмыг дагаж, хадгаламжийн орлогоос, хувьцааны ногдол ашгаас татвар авдаг жишиг бий. Тиймээс хэрэгжих боломжтой. Гагцхүү манай улсын хувьд хэрэгжүүлэх цаг хугацаа нь өнөөдөр мөн үү гэх асуудал бий. Үүнээс болоод хүмүүс банкны хадгаламжаас татгалзах сөрөг үзэгдэл гарч болзошгүй гэдэг болгоомжлол байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа үед эрсдэлийг сайтар тооцох хэрэгтэй.Банкны хадгаламжийн хүүтэй өрсөлдөхүйц хэмжээний бусад хөрөнгө оруулалтууд маш их байгаа.

 

-Тухайлбал?

 

-Засгийн газар банкны хадгаламжийн хүүгийн түвшинд зарим талаараа түүнээс илүү үнэт цаасыг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж байна. Тэгэхээр иргэд татвартай хадгаламжид мөнгөө хийхээс илүү татваргүй Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах уу гэдгээ сонгоно. Тиймээс банкнаас тодорхой хэмжээгээр хадгаламж гадагшлах урсгал бий болвол сөрөг үр дагавар авчирна.

 

-Банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ-нд мөнгөө хадгалуулах явдал эргээд ихсэх юм биш байгаа?

 

-Тийм болгоомжлол байж болно. Жишээ нь АНУ-д 1970-аад оны үед банкны салбарт үнийн дээд түвшин буюу хүүгийн дээд түвшин тогтооход тодорхой мөнгөн урсгал гадагшилж хөрөнгө оруулалтын сан болон бусад орон зайг эрэлхийлсэн тохиолдлууд гарч байсан. Тиймээс үүнийг үгүйсгэхгүй. Бусад хэлбэрийн хөрөнгө оруулалтыг хүмүүс эрэлхийлж, банкнаас хадгаламжаа татаж эхэлбэл татвар авснаас илүү сөрөг үр дагавартай байж болно. Нийт долоон их наяд төгрөгийн хадгаламжтай. Үүний 15 хувь нь хүүгийн орлого гэвэл нэг их наяд гаруй төгрөг гарна. Эндээс татвар авбал 70-80 гаруй тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрөх байх. Эдгээрийг харьцуулж байж эдийн засгийн аливаа шийдвэрийг гаргах хэрэгтэй. Валютын хадгаламжаас ч татвар авч байгаа.