МОНГОЛБАНК: МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗОРИЛТУУД БИЕЛЛЭЭ ОЛОХОД ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

2015-10-02 10:25:19

Монголбанк 2016 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Мөнгөний бодлогын үндсэн зорилтууд биеллээ олоход 2016 оны төсвийн төсөл, Засгийн газрын бодлого чухал нөлөөтэй болохыг Төв банкнаас онцолсон юм. Ирэх 2016 оны үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексийг 7 хувь, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулсаны үндсэн дээр эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байна. Харин 

банк санхүүгийн салбарын хувьд төлбөрийн чадварыг хадгалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгаж өгчээ. Мөн төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлэх, активын удирдлагын бүтцийг төрөлжүүлэх, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. 2015 оны эхний найман сарын хугацаанд хэрэглээний үнийн улсын индекс жилийн дүнгээр 6.6 хувьд хүрээд байгаа бол оны эцэст 7.2 орчим хувьтай гарах хүлээлттэй байгааг Төв банкнаас онцоллоо. Өөрөөр хэлбэл 2015 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдсан нэг оронтой тоонд барих зорилт биелэх бүрэн боломжтойг энэ үзүүлэлт харууллаа. Инфляцийн жилийн өсөлт саарч байгаа нь 2013 оноос эхэлсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн үр дүн гэж Монголбанк үзэж байна. Хөтөлбөрийн үр дүнд 2014 оны зургадугаар сараас нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтгүй болж, мах, гурил, шатахуун зэрэг гурван бүтээгдэхүүний үнэ хямдарч эхэлсэн байдаг. Цаашид энэ хөтөлбөрийн зээлийн үлдэгдлийг Хөгжлийн банкинд шилжүүлэх үйл явц үргэлжилж байгаа юм. Банкны салбарын хувьд эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, 2017 онд багтаан биелүүлэх хугацаатай үүрэг өгсөн байна. Мөн 2016 оноос эхлэн банкны нягтлан бодох бүртгэлийн багц материалыг мөрдүүлж эхэлнэ. Цаашид банкны салбарын хэмжээнд чанаргүй активыг бууруулах зорилгоор хоёрдогч зах зээлд борлуулах, зөв зохистой удирдах боломж бүрдүүлэхийг зорьж байгаа ажээ. Энэ чиглэлээр Монголбанк ажлын хэсэг байгуулж, судалгаа хийсэн байна.

З.Энхболор