ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 125.4 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА

2015-10-05 10:52:29

Монголбанк төлбөрийн тэнцлийн наймдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлийг танилцууллаа.Тайлант хугацаанд урсгал тэнцэл 358.5 сая ам.долларын алдагдалтай гарсан бол хөрөнгө санхүүгийн данс 640.6 сая ам.долларын ашигтай гарснаар төлбөрийн тэнцэл 125.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. Төлбөрийн тэнцлийг данс бүрээр нь задлаад үзвэл урсгал тэнцлийн алдагдал 358.5 сая ам.доллар болж,өмнөх оны мөн үеэс бараг дөрөв дахин буурчээ. Энэ оны эхнээс өссөн дүнгээр Монгол Улсын гадаад улс орнуудтай хийсэн барааны худалдааны ашиг жилийн өмнөхөөс 3.5 дахин өсч, 950 сая ам.долларт хүрсэн боловч тээврийн үйлчилгээ, аялал жуулчлалын орох гарах урсгал, бусад үйлчилгээнээс цэвэр дүнгээр алдагдал хүлээсэн болохыг Монголбанкнаас мэдээллээ. Орлогын дансны хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн хөрөнгө оруулалтаас цэвэр дүнгээр 837.7 сая ам.долларын орлого гадагшаа шилжсэн байна. Хөрөнгө санхүүгийн дансны ашиг 640.6 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувиар өсчээ. Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 он гарсаар дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэх хэмжээнд хүрч буурсан хандлага хэвээр хадгалагдаж байна. Тухайлбал наймдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсад цэвэр дүнгээр хөрөнгө оруулалт хийгдээгүй, гадагшлах урсгалтай байлаа. Ийнхүү оны эхнээс өссөн дүнгээр 204.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Харин багцын хөрөнгө оруулалтын ашиг өсч, 623.7 сая ам.долларт хүрчээ.

З.Энхболор