Дэлхийн банк: Төсвөө зөв төлөвлөх нь хамгийн чухал байна

2015-10-06 12:12:53

Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн ээлжит тайлангаа гаргалаа. Уг тайлангаар 2015 онд бүс нутгийн эдийн засгийн өсөлт 4.6 хувьд хүрнэ гэж төсөөлжээ. Харин Монгол, Индонез, Малайз зэрэг түүхий эд экспортлогч орнуудын эдийн засгийн өсөлт хамгийн бага байхыг сануулсан байна. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Монгол Улсын төсөв мөнгөний бодлогод өөрчлөлт гарч байна. Тухайлбал, төсвөө танаж, аль болох алдагдалгүй болгохыг зорьж байгаа. Мөн Хөгжлийн банкны төсвөөс гадуурх зардлыг төсөвт нэгтгэн тооцдог болсон зэрэг эерэг үр дүн харагдаж байна. Гэвч аливаа зам дардан байдаггүй. Замаасаа хазайхгүй байх нь чухал” гэв.

 

Мөн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тэхюн Ли “Ирэх хоёр жилд түүхий эдийн үнэ доогуур байх хандлага бий. Иймд ирэх жилийн төсвөө тодотгол хийж, эвгүй байдалд орохооргүйгээр төлөвлөх хэрэгтэй. Хамгийн гол нь орлогоо зөв зүйтэй зарцуулах ёстой юм. Монгол Улсын Засгийн газар орлогоо зөв зарцуулахад анхаарна гэж найдаж байна” гэжээ.