Дэлхийн банк ээлжит тайлангаа өнөөдөр танилцууллаа

2015-10-07 10:57:17

Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудад эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

Зүүн Ази, Номхон далайн улс орнуудын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хөтлөгч гол хүчин зүйлсийн нэг буюу дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2/5-ыг дангаараа бүрдүүлж байгааг онцоллоо. Өнгөрсөн онд тухайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 6.8 хувтай байсан бол энэ оны эцэст бага зэрэг удааширч 6.5 хувьтай гарах урьдчилсан хүлээлттэй байгаа юм.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Аксел Ван Троценбург “Уг бүс нутаг дахь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт саарч байгаа ч энэ хандлага нь бодлого боловсруулагчдад урт хугацааны эдийн засаг тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөх суурь болох, одоогийн бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх ёстойг санууллаа. Шинэчлэлийн шинжтэй энэ бодлого нь санхүүгийн, хөдөлмөрийн, бүтээгдэхүүний зах зээлийн зохицуулалтыг сайжруулахын зэрэгцээ ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Эдгээр бодлого нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, зах зээлийн үйл ажиллагааг сайжруулснаар тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгон улмаар ядуурлыг бууруулахад нэн чухал нөлөөтэй” гэж мэдэгдсэн. 

Энэ удаагийн эдийн засгийн тайлан нь уг бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт, бэрхшээлүүдэд илүүтэй анхаарсан байна. Өндөр орлоготой орнуудын эдийн засгийн өсөлт алгуур сэргэж байгаа, олон улсын худалдаа 2009 оноос хойш бага хувиар өсч байгаа, хөгжиж буй орнуудад өргөн хүрээг хамарсан эдийн засгийн удаашрал улам бүр газар авч байгаа гэнэ. Ялангуяа дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ дээр буурч байгаа нь үйлдвэрлэгч орнуудад сөргөөр нөлөөлж эхэлжээ. Тухайн бүс нутгийн орнуудад эдийн засгийн идэвхжил харилцан адилгүй байгаа. Тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 7 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа ч, цаашид саарах магадлалтай байгаа гэнэ. Энэ нь тус улс эдийн засгаа илүү хэрэглээ, үйлчилгээний салбарт тулгуурлаж буй бүтцийн өөрчлөлтийн бодлогоос голлон шалтгаалжээ. Харин Зүүн Азийн бусад орны хувьд эдийн засгийн өсөлт нь энэ онд өмнөх оны түвшинтэй адил буюу 4.6 хувь байх төлөвтэй байгааг дэлхийн банкнаас гаргасан тайланд тусгасан байна. Түүхий эдийн экспортод тулгуурладаг Индонези, Малайз болон манай улсын хувьд эдийн засгийн өсөлт саарч, төсвийн орлого бага түвшинд байхаар байгаа нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурсантай холбон тайлбарлаж байгаа юм. 
 
Харин түүхий эд импортлогч орнуудын эдийн засаг тогтвортой өсөлттэй байхаар байгаа гэнэ. Тухайлбал, Вьетнамын эдийн засаг энэ онд 6.2 хувиар, ирэх онд 6.3 хувиар өсөх төлөвтэй байна. Гэхдээ ихэнх жижиг оронд эдийн засгийн өсөлт удаашрах төлөв ажиглагдаж байгааг дэлхийн банкнаас гаргасан тайланд дурдсан байна. Тухайлбал, Камбож улсад хөдөө, аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурсан нь эдийн засагт нь сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт нь 6.9 хувьтай байхаар байна. Мьянмар улсын тухай өнгөрсөн долоодугаар сард их хэмжээний үер болсон нь өнгөрсөн оны 8.5 хувийн эдийн өсөлтийг энэ онд 6.5 болгон буурахад голлон нөлөөлөхөөр байгаа гэнэ. Номхон далайн арлын орнуудын хувьд эдийн засгийн өсөлт нь мөн саарах төлөвтэй байгаа гэнэ. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч Судир Шетти “АНУ бодлогын хүүгээ өсгөхөөр байгаа болон Хятадын эдийн засагт бүтцийн өөрчлөлтийн бодлого хэрэгжиж байгаагаас Зүүн Азийн хөгжиж буй орнуудын хувьд өсөлт удаашрах төлөвтэй байна” гэж өнөөдөр мөн мэдэгдлээ. Тэрбээр нэмж дээрх хүчин зүйлс нь богино хугацаанд санхүүгийн эх үүсвэрт хэлбэлзэл үүсгэх ч эдгээр тохиргоо нь урт хугацаанд эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоход зайлшгүй шаардлагатай гэсэн юм. 
 
Уг тайлан нь Хятадын эдийн засгийн идэвхжил 2016-2017 онд алгуур саарна гэж таамаглаж байна. Уг таамаглал ч бодитой байх боломжтой. Учир нь, Хятад улсын Засгийн газрын өрийн хэмжээ бага, банкны системээс хөрөнгө гадагшлах эрсдлийг хууль, журмаар сайн хязгаарлаж чадсан, санхүүгийн салбарт төр голлох үүрэгтэй байдаг зэрэг нь эдийн засгийн өсөлт хурдтай саарах дохиог өгч байна. Хэрэв Хятадын эдийн засгийн идэвхжил цаашид үргэлжлэн буурах тохиолдолд түүний нөлөө нь тухайн бүс дэх улсууд, ялангуяа Хятад улсаас худалдаа, хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын салбар нь хамааралтай улс орнуудад илүү мэдрэгдэх болно гэж Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурдсан байна. Түүнчлэн ирэх сараас АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлалтай байгаа. Бодлогын хүүгийн өсөлт нь валютын ханш сулрах, бондын өгөөж өсөх, хөрөнгийн урсгал татрах болон эх үүсвэр саарах байдлаар улс орнуудад мэдрэгдэх эрсдэлтэйг Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурдсан байна. Тиймээс Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнууд оновчтой макро эдийн засгийн менежмент хийх замаар гадаад сектор болон төсвийн эмзэг байдлыг бууруулж, бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэн, хувийн секторын хөрөнгө оруулалтыг урамшуулахад анхаарах хэрэгтэйг Дэлхийн банкнаас онцгойлон анхаарууллаа.