НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СИСТЕМ БЭЛЭН БОЛЖЭЭ

2015-10-08 09:57:55

Ирэх оноос хэрэгжиж эхлэх НӨАТ-ын тухай хуульд заасан татвар төлөгчийн нэгдсэн програм болох НӨАТ-ын урамшууллын систем бэлэн болжээ. Одоогоор аж ахуйн нэгжүүдэд сурталчлах ажил хийгдэж байгаа юм байна. Энэхүү систем нь Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, импорт, экспортод гаргасан бараа, бүтээгдэхүүний гүйлгээний мэдээллийг нэгтгэн төвлөрүүлнэ. Нөгөө талаас иргэдийн худалдан авалтын 

мэдээллийг анхан шатны баримтаар дамжуулан бүртгэх юм. Ингэснээр далд эдийн засгийг 30 хувиар бууруулна гэж тус програмыг боловсруулсан төслийн нэгж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд тус төслийн нэгж 34 аж ахуйн нэгжид НӨАТ-ын урамшууллын системээ туршсан байна. Тухайлбал Баянзүрх захад явуулсан туршилтаар жилд төлдөг 20 сая төгрөгийн татвар нь 97 сая төгрөг байх боломжтой гэх тооцоо гарчээ. Програмын хувьд "Microsoft", "Ubuntu", "Lenux" зэрэг Монголд түгээмэл хэрэглэгддэг бүх төрлийн үйлдлийн системд суурилуулж болох учраас үйлчилгээний байгууллагууд одоо хэрэглэж байгаа кассын машиндаа суулгах боломжтой юм байна. Харин кассын машингүй аж ахуйн нэгжүүд суурин компьютерээсээ програмд холбогдож болох бол жижиглэн худалдаа эрхлэгчид гар утсандаа тус програмыг суулгаж болох ажээИргэдийн хувьд НӨАТ шингэсэн худалдаа үйлчилгээний төлбөрийн баримтаа цуглуулж, 2017 оноос эхлэн худалдан авалтад төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах юм. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийг иргэдэд буцаан олгоно. Харин НӨАТ-ын 10 хувийн татварын нэг хувьтай дүйцэхүйц хэмжээний хөрөнгөөр нь сар бүр үндэсний лотерей зохион байгуулах юм. Энэхүү лотерейг зохион байгуулах нь иргэдийн төлбөрийн баримтаа цуглуулах ажлыг идэвхжүүлнэ гэж татварынхан үзэж байна. Иргэд ирэх оноос НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системийн албан ёсны сайт vatps.mta.mn сайтад бүртгүүлж, баримтын мэдээллээ баталгаажуулж болохоос гадна хэрэглээгээ хянах боломжтой болох ажээ

                                                                                                                                                                                                                                                                          Э.Нарантунгалаг