МОНГОЛБАНК: 2015 ОНЫ ЭЦЭСТ ИНФЛЯЦИ 7 ХУВЬД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ

2015-10-08 10:22:47

Наймдугаар сарын эцсийн байдлаар 2015 оны мөнгөний бодлогын хэрэгжилт ямар байгаа талаар Монголбанкнаас танилцууллаа. Төв банк 2015 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулахдаа инфляцийг 7 хувьд барих зорилт дэвшүүлсэн байдаг. Инфляцийн статистик мэдээллүүдээс харахад наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.6 хувь, Улаанбаатар хотод 5.9 хувь болж, энэ оны эхнээс 4.4-4.8 хувиар буурчээ. Наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын жилийн 

инфляци 5.9 хувьтай гарсан бөгөөд махнаас бусад хүнсний бүтээгдэхүүн 1.49 хувиар, Төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ 1.77 хувиар, бусад хүнсний бараа, үйлчилгээний үнэ 3.46 нэгж хувийг бүрдүүлж байна. Эндээс харахад өмнөх онуудад инфляцид нэлээд өндөр дарамт үзүүлдэг байсан махны үнийн өсөлт саарч, 2015 оны эхнээс буурах хандлагатай байсан юм. Цаашид инфляци бага зэрэг буурах хандлагатай байгаа тул дунд хугацааны зорилтот 7 хувийн түвшинг хангана гэж Төв банк үзэж байна. Энэ нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” үр дүнгээ өгөөд зогсохгүй макро эдийн засгийн бодлогын өөрчлөлтийг гадаад тэнцвэр дэмжих чиглэлд хийж байгаа нь нийт эрэлтийг бууруулж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляци дахь сөрөг нөлөөг саармагжуулж байна гэж үзлээ. Төв банк 2015 оны турш төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг сааруулах үүднээс захад тогтмол зохистой хэмжээгээр оролцож байгаагаа онцолсон юм. 2015 он гарсаар 68 удаа гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, 603.9 сая ам.доллар, 2.2 тэрбум юань буюу 364.8 сая ам.доллартай тэнцэх юанийг валютын захад тус тус нийлүүлсэн байна. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл болох бодлогын хүүгийн хувьд 2015 он гарсаар нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хадгалсан хэвээр байна.

З.Энхболор