Засгийн газрын үнэт цаас маргаан дагуулсаар

2015-10-13 09:53:48

Засгийн газрын үнэт цаасны (ЗГҮЦ) хоёрдогч зах зээлийн арилжаагаар энэ оны эхний есөн сард347.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 226.2 тэрбум төг буюу 2.9 дахин өссөн байна. Зөвхөн энэ сард 19 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх сарынхаас 0.9 тэрбум төг буюу 4.3 хувиар буурчээ хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор Сангийн яамнаас Монголын хөрөнгийн бирж,  Монголбанкаар дамжуулан үнэт цаас гаргасаар байна. Жилийн 14-15 хувийн хүүтэй, Засгийн газрын богино хугацаатай үнэт цаасны эрэлт их хэвээр байгаа юм. Ийнхүү өндөр үнээр Засгийн газрын үнэт цаас тогтмол гаргаж байгаа нь арилжааны банкуудын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна хэмээн Монголын банкны холбоо шүүмжлэлтэй ханддаг. Учир нь иргэд, ААН-үүд эрсдэлгүй, найдвартай гэж ЗГҮЦ худалдан авах нь ихэсчээ.

Хэрэв тэрхүү мөнгөө оронд нь арилжааны банкуудад хадгаламж болгон байршуулсан бол тэр хөрөнгө зээл болон эргэлтэд орж, эдийн засагт өгөөжөө өгөх байсан гэдэг.

Гэтэл Засгийн газар үнэт цаас гаргах нь зөв гэх эдийн засагчид ч бий. Тэдний үзэж байгаагаар манай улсын өрийн тэнцвэр алдагдсан тул гаднаас зээл тусламж авалгүй, дотоод өрөө нэмэх нь зөв гэнэ.