ЗАСГИЙН ГАЗРЫН УРТ ХУГАЦААТ АМ.ДОЛЛАРЫН БОНДУУДЫН ХАНШ ТОГТВОРГҮЙ БАЙНА

2015-10-14 09:59:19

Олон улсын зах зээлд арилжиж байгаа Монгол Улсын Засгийн газрын урт хугацаат ам.долларын бондуудын ханш сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нэлээд тогтворгүй байлаа. Есдүгээр сарын туршид өсөлт давамгайлах хандлагатай байсан ханш тухайн сарын төгсгөлд буюу 29-ны өдөр сүүлийн нэг жилд байгаагүй хэмжээгээр нэг өдрийн дотор унасан байна. Тодруулбал 10 жилийн хугацаатай бондын ханш тухайн өдөр бараг 3.5 хувиар буурсан бол 2018 онд эргэн төлөгдөх бондын ханш 1.8 хувиар буюу хоёр ам.доллараар доошилж, 92.5 ам.доллар болжээ. Тухайн үед олон улсын зах зээлд “Glencore” тэргүүтэй уул уурхайн салбарын хувьцаануудын ханшийн уналт гүнзгийрч, түүхий эдийн олборлолтод түшиглэсэн эдийн засагтай улс орнуудын валют болоод хөрөнгийн зах зээлээс гадна Засгийн газрын бондуудын ханшийг огцом суллажээ. Харин үүнээс хойш зах зээлд ханшийн өсөлт эрчимжиж, 10 дугаар сар гарсаар 10 жилийн хугацаатай бондын ханш дөрвөн хувиар өсч, 85 орчим ам.долларт хэлбэлзэж байгаа бол таван жилийн хугацаатай бондын ханш 95 ам.долларын түвшинг эргэн даваад байна. Олон улсын зах зээлд арилжиж байгаа аливаа улсын Засгийн газрын урт хугацаат бондын ханш тухайн улсыг чиглэх хөрөнгө оруулагчдын хандлагыг зарим байдлаар илтгэдэг. Хэдийгээр энэ жилийн тухайд хөрөнгө оруулалт буурч, хувийн хэрэглээний өсөлт удааширсан гэх зэрэг шалтгаанаар Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк болон Олон Улсын Валютын Сан зэрэг томоохон байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулаад байгаа ч ирэх оноос нөхцөл байдал харьцангуй сайжирна гэж үзэж байгаа юм. Тухайлбал “Оюу Толгой”-ийн далд уурхайн бүтээн байгуулалт 2016 оны дунд үеэс эхлэх хүлээлт цаашдаа орох урсгалыг сэргээж, эдийн засгийн урт хугацааны өсөлтийг төлөвт дэмжлэг болно гэж үзэж байна.

                                                                                               Б.Батманлай