Үнэт цаасны арилжаа 39,4 хувиар буурчээ

2015-10-20 10:33:34

Монголын Хөрөнгийн биржид энэ оны эхний есөн сард арилжсан нийт үнэт цаасны хэмжээ 2014 оныхоос 39.4 хувиар буурсныг Үндэсний Статистикийн Хорооны нэгтгэлээс харж болно. 2013 онд 43 сая, 2014 онд 40.9 сая ширхэг үнэт цаас арилжаалаад байсан бол энэ нь 24.7 сая ширхэг болж буурчээ. Мөн зах зээлийн үнэлгээ эрс буурч 2014 оны эхний есөн сарын эцсээр нэг их наяд 557.3 тэрбум төгрөг байсан хөрөнгийн зах зээл энэ оны эхний гурван улирлын дүнгээр нэг их наяд 289.8 тэрбум болж буурсан байна. Хэдий тийм боловч нийт үнийн дүнгийн үзүүлэлтээр өссөн үзүүлэлттэй байгаа нь өндөр үнийн дүнтэй хийгддэг Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны арилжаатай холбоотой аж. Үнийн дүнгээр эхний гурван улирлын үзүүлэлт өмнөх оноос 3.8 дахин их хэмжээний буюу 758.1 тэрбум төгрөгтэй тэнцүү гарчээ. Эдгээр гүйлгээг хийж байгаа данс дундаас шинэ дансны тоо 1120-оор нэмэгдсэн байгаа нь мөн зах зээлийн арилжаанд оролцох сонирхол ихэссэнийг илтгэж байна. Өмнөх оны мөн үед, ЗГҮЦ-ны арилжаа эхлэхээс өмнө 592 данс нээгдэж байжээ. Хувьцааны зах зээлийн хувьд, хамгийн их өссөн хувьцаа “Монгол нэхмэл” үйлдвэрийнх байгаа аж. Тус компанийн хувьцаа есдүгээр сард 30.3 хувийн ханшийн өсөлттэй буюу 1280 төгрөгт хүрсэн бол хамгийн үнэтэйд тооцогдож байсан “Сүү” ХК-ийн нэгж хувьцаа 10 мянган төгрөгөөр буурснаар хамгийн их ханш буурсанд тооцогдож байна. Харин хямд хувьцаанууд арилжааны идэвх өндөртэй байсан байна. Харин “Ремикон”, “Бидисек” зэрэг 100 төгрөгөөс хямд хувьцаанууд тоо ширхэгийн үзүүлэлтээрээ тэргүүлж байгааг Үндэсний Статистикийн Хорооны нэгтгэлд тусгажээ.

Т.ДАВААНЯМ