МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 1.3 ХУВИАР БУУРЧЭЭ

2015-10-21 10:32:00

2015 он гарсаар мөнгөний нийлүүлэлт саарах хандлага эхний гурван улиралд хэвээр хадгалагдсан байна. Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар буурч, 9 их наяд 938.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн 52.1 хувийг төгрөгийн хадгаламж, харин 21 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлжээ. Мөн 10.4 хувийг гадаад валютын харилцах, 12 хувийг төгрөгийн харилцах дансны үлдэгдэл бүрдүүллээ. Хадгаламжийн хувьд нийт үлдэгдэл 7 их наяд 828.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 4.4 хувиар нэмэгджээ. Иргэд гадаад валютаар мөнгөө байршуулах хандлага хэвээр байгаа буюу үлдэгдлийг II улиралтай харьцуулахад 2.7 хувиар нэмэгдсэн бол төгрөгийн хадгаламж мөн адил хоёр хувиар өссөн байна. Харин зээлийн өрийн үлдэгдэл эхний гурван улирлын байдлаар өмнөх онтой харьцуулахад 4.5 хувиар буурч, хурд нь саарчээ. Иргэдийн зээл төлөлт хугацаа хэтрэх хандлагатай болж, чанаргүй зээл нэмэгдэж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс гурав дахин нэмэгдэж, 828.6 тэрбум төгрөг болсон байна. Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ бодлогын хүү болон бусад арга хэрэгслийг ашигладаг. Хамгийн сүүлд долдугаар сард Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан бөгөөд энэ нь цаашид төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж, макро эдийн засгийн тэнцвэрийг дэмжинэ гэж Төв банк үзэж байна. Харин энэ удаагийн хурлаар хүүг өөрчлөх үү, үгүй юу гэдэг асуудал Төсвийн ирэх оны бодлоготой уялдах ёстой аж. Инфляци нам дор түвшинд байгаа нь тоддорхой хэмжээгээр хүүг бууруулж, харьцангуй зөөлөн бодлого баримтлах боломж олгоно гэж зарим шинжээчид үзэж байна.

М.Дэлгэрмаа