НЭГДСЭН ТҮРҮҮЛЭГЧ ИНДИКАТОР 0.02 ХУВИАР ӨСЧ, 98.99 НЭГЖИД ХҮРЛЭЭ

2015-10-22 09:57:15

Сангийн яамнаас туршилтаар тооцдог Монгол Улсын нэгдсэн түрүүлэгч индикатор өмнөх сараас 0.02 хувиар өсч, 98.99 нэгжид хүрсэн байна. Нэгдсэн түрүүлэгч индикатор нь нэг улирлын өмнө бизнесийн мөчлөг болон эдийн засгийн төлөв байдал ерөнхий дүнгээр хэрхэн өөрчлөгдөхийг таамагладаг Энэ удаад уг индекс өмнөх сараас 0.02 хувиар өсөхөд мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдаа ялангуяа БНХАУ руу чиглэсэн экспорт, импорт, төсвийн урсгал орлого, БНХАУ-ын нэгдсэн түрүүлэгч индикатор, дотоодын хэвийн зээлийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ. Эдгээр үзүүлэлтийг багцлаад харвал есдүгээр сард банкуудын олгосон хэвийн зээлийн хэмжээ өмнөх сараас өсч, 11.9 их наяд төгрөгт хүрсэн бол мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 0.3 хувиар буурч, 9.9 их наяд төгрөг болсон байна. Харин гадаад худалдааны эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрсэнээс 63 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа бүрдүүлжээ. Монгол Улсын нэгдсэн түрүүлэгч индикатор 2008 оны хоёрдугаар сард оргилдоо хүрсэний дараа тухайн оны наймдугаар сард бизнесийн мөчлөг хамгийн идэвхтэй байсан байна. Харин 2013 оны 12 дугаар сард нэгдсэн түрүүлэгч индикатор ёроолын цэгтээ хүрсэний дараа 2014 оны тавдугаар сард бизнесийн мөчлөг нь хамгийн идэвхгүй байсан болохыг Сангийн яамнаас мэдээллээ. Үүнээс хойш нэгдсэн түрүүлэгч индикатор тасралтгүй буурсаар 98 нэгжийн түвшинд хүрээд байна.

З.Энхболор