Засгийн газрын урт хугацаат ам.долларын бондуудын ханш өсөлттэй байна

2015-11-02 10:12:21

Олон улсын зах зээлд арилжигдаж байгаа Монгол Улсын Засгийн газрын урт хугацаат ам.долларын бондуудын ханш 10 дугаар сард харьцангуй өсөлттэй байлаа. Тухайлбал 10 жилийн хугацаатай бондын ханш өнгөрч буй нэг сарын хугацаанд 3.6 хувиар өсч, 84 ам.долларын түвшинг давсан байна.

Гэхдээ энэ нь он гарсаар гурван хувиар, тавдугаар сарын эцэст хүрсэн дээд цэгээс нь тооцвол 10.5 хувиар доогуур түвшин болж байгаа юм. Харин 2018 онд эргэн төлөгдөх таван жилийн хугацаатай бондын ханш тайлант хугацаанд 1.8 хувиар өсч, 94 ам.долларын түвшинд арилжиж байна.

Энэ зунаас идэвхжсэн хөрөнгийн зах зээлийн савалгаа бондын зах зээлд шууд нөлөө үзүүлж байгаа юм. Тухайлбал хамгийн өндөр эрэлттэй байдаг АНУ-ын Засгийн газрын урт хугацаат бондын арилжааны идэвх нэлээд удааширсан дүр зурагтай байгааг шинжээчид онцолж байна. Энэ нь АНУ-ын Төв банк хүлээж байснаас илүү бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэх нийт зах зээлд нөлөөлж байгаа ерөнхий мэдээлэлтэй шууд холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байгаа аж.

Харин эсрэгээрээ хөгжиж байгаа эдийн засагтай улс орнуудын Засгийн газрын бондуудын ханшид харьцангуй өсөлт давамгайлах хандлагатай байгааг үүнийг тооцдог индексийн өөрчлөлт илтгэж байна. Засгийн газрын урт хугацаат бондын ханш, өгөөжийн өөрчлөлт зах зээлийн ерөнхий хөдөлгөөнөөс гадна тухайн улсыг чиглэх хөрөнгө оруулагчдын хандлагаас тодорхой байдлаар хамааралтай байдаг.

Монгол Улсын хувьд экспортын гол түүхий эдүүдийн ханшийн уналттай холбоотойгоор уул уурхайн салбарын огцом өсөлт саарч, хөрөнгийн гадагшлах урсгал өнгөрсөн жилүүдэд бий болжээ. Гэхдээ урт хугацаандаа уул уурхайн салбарын томоохон төслүүдээ хэрэгжүүлж, үүгээрээ дамжуулаад бусад салбарт хөрөнгө оруулалт татах боломжтой гэж шинжээчид үзэж байгаа юм.