МОНГОЛБАНКНЫ 2021 ОНЫ ОНЦЛОХ 20 АЖИЛ

2022-01-18 15:23:22

1. Мөнгөний бодлогын хүүг түүхэн бага түвшинд хадгалж, урт хугацаат репо санхүүжилтээр дамжуулан эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн мөчлөг сөрсөн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэв

Мөнгөний бодлогын хороо 2021 онд бодлогын хүүг 6 хувьд буюу түүхэн доод түвшинд хадгалав. Энэхүү шийдвэр нь Ковид-19 цар тахлын үед нийгэм, эдийн засагт тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэх, дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэж байна. Түүнчлэн, 2021 оны 1 дүгээр улиралд Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар урт хугацаат репо санхүүжилтэд боловсруулах, үйлчилгээ болон 200-аас дээш ажиллагчидтай худалдааны салбарын аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөв. Мөн репо санхүүжилтийн хүүг 0.5 нэгж хувиар бууруулж, бодлогын хүүтэй тэнцүү болголоо.  Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгогдох зээлийн зориулалттай давхцал үүсгэхгүй байх, репо санхүүжилтийн үр нөлөөг дээшлүүлэх, цаашлаад эдийн засаг, бизнесийн идэвхжлийг дэмжих зорилготой. Улмаар урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 2021 оны 1-4 дүгээр улиралд харгалзан 250, 350, 250, 100  хүртэлх тэрбум төгрөгөөр олгох шийдвэрүүдийг гаргалаа.

2. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзлийг Ковид 19-ийн эдийн засгийн хүндрэлийн үед бага түвшинд байлгав

Ковид-19 цар тахлаас шалтгаалан улс хоорондын гадаад худалдаа саатаж, дэлхий даяар урсгал тэнцлийн алдагдал өсөх, хөгжиж буй орнуудад үндэсний валютын ханш сулрах үзэгдэл ажиглагдсан ч Монголбанкнаас санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, ханшийн өөрчлөлтөөс шалтгаалах тодорхой бус байдлыг бууруулах чиглэлийг баримтлан ажиллав. Улмаар энэ оны 11 дүгээр сарын эцэст төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн хэлбэлзэл 0.01 нэгж хувь буюу ханш харьцангуй тогтвортой хадгалагдав. Энэ нь санхүүгийн зах зээлийн орчинд тодорхой бус байдлыг бууруулах замаар бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг болохын зэрэгцээ импортын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамтыг бууруулах, гадаад валютаар төлөгдөх өрийн үйлчилгээний зардлыг өсгөхгүй байх чухал ач холбогдолтой байв.

3. Эдийн засгийн сэргэлтийг зорин ажлын байр дэмжих зээл болон репо санхүүжилтийн бүтээгдэхүүний схемийг боловсруулж, хэрэгжүүлэв

Цар тахлын үед зээл олголтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг дэмжих чиглэлд тооцоо судалгааг хийж, Төв банкны бодлогын хэрэгсэл болох репо арилжааны хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулж сайжруулав. Ингэснээр санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсгэхгүй байх, эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдол бүхий уул уурхайн бус экспортын салбарыг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлд ажлын байрыг хадгалахад хувь нэмэр орууллаа. Урт хугацаат репо санхүүжилт 2 жилээр олгогдож байгаа нь бодлогын хүүний шилжих механизмыг дэмжиж мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулах, цаашлаад зээлийн хүү буурахад нөлөөлж байна. Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар нийт 1 их наяд 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад олгож, үүнээс банкууд 2021 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 36,357 ажилтантай 3,291 аж ахуйн нэгж, иргэнд 796 тэрбум төгрөгийн зээлийг олголоо.

4. Гадаад валютын албан нөөц (ГВАН) 2021 оны 4 дүгээр сард 4.9 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрэв

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын экспортын биет хэмжээ буурч, хилийн боомтын үйл ажиллагаа доголдсон, гадаад гүйлгээний урсгал буурах нөхцөл үүссэн 2021 оны туршид Монголбанкнаас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, хүрэлцээт байдлыг хангахад анхаарч ажиллалаа. Энэ хүрээнд Төв банк дотоодын зах зээлээс 20.02 тн үнэт металл худалдан авах, гадаадын зах зээлээс 243 сая ам.долларын санхүүжилт татахын зэрэгцээ банк, санхүүгийн байгууллагуудыг олон улсын зах зээлээс эх үүсвэр татахад заавал байлгах нөөц болон урт хугацаат своп хэлцлээр дэмжлэг үзүүлж ажиллав. Ингэснээр, гадаад валютын албан нөөц 2021 оны 4 дүгээр сард 4,891.6 сая ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрэв. Оны сүүлийн хагаст эдийн засгийн идэвхжлийг дагасан валютын эрэлттэй холбоотойгоор ГВАН-д өөрчлөлт орсон боловч 2021 оны 11 дүгээр  сарын байдлаар 6.9 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байна.

5. Хэрэглээний зээл олгох үйл ажиллагааг хялбарчилж, цар тахлын үед зээл олголтыг дэмжив

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан арилжааны банкуудын хэрэглээний зээлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулж, Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 3 дугаар улирлын ээлжит хурлаар баталлаа. Тус шийдвэрийн хүрээнд цар тахлын үед орлого нь буурсан зээлдэгчдийн орлогыг илүү бодитой тооцох, хамтран хэрэглээний зээл авахад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, цахимаар зээл судлах боломжийг бий болгох зэрэг хэрэглээний зээл олголтыг дэмжих өөрчлөлтүүд хэрэгжиж эхэлсэн бөгөөд эдийн засгийн сэргэлтэд чиглэсэн бусад бодлого үйл ажиллагаанд дэмжлэг болов.

6. Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн зээлийг нэмэгдүүлж,  цар тахлын үед зээлдэгчийн өрийн дарамтыг бууруулах зорилгоор үндсэн төлбөрийг хүүгийн хамт хойшлуулав

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 935.9 тэрбум төгрөгийн зээлийг 12.4 мянган өрхөд олгожээ. Энэ нь хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сүүлийн 8 жилийн дээд үзүүлэлт болж байна. Холбогдох хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах арга хэмжээг 3 удаа авч хэрэгжүүлж, давхардсан тоогоор 152,078 зээлдэгчийн 3.1 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлууллаа. Мөн цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр түрээслээд өмчлөлд шилжих нөхцөлтэй орон сууцжуулах тусгай хөтөлбөрийн хүрээнд НОСК ХК-аас гаргасан 100 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг худалдан авснаар 2021 онд нийт 1,030 төрийн албан хаагчдыг урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр орон сууцжуулах ажил хэрэгжив.

7. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг e-Mongolia системд оруулж, мөн цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 44,612 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байх тохируулгыг хийв

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги”-д туссаны дагуу Монголбанкны зээлийн мэдээллийн сан болон төрийн эрх бүхий байгууллагын мэдээллийн сан хооронд мэдээлэл солилцох боломжийг бий  болгох,  ашиглалтыг нэмэгдүүлэх  зорилгоор Үндэсний дата төв УТҮГ-тай хамтран  ХУР  мэдээлэл  солилцооны системээр дамжуулан зээлдэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн зээлийн мэдээллийг e-Mongolia  цахим  порталаар авч зээл, төлбөрийн байдлаа хянах, санхүүгээ удирдан зохицуулах боломжийг бүрдүүллээ. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалын дагуу нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй, тухайн зээл нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар шийдвэрлэв.

8. Банкны салбарын тогтвортой байдал хадгалагдан санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү түүхэн доод түвшин 13.8 хувьд хүрч буув

Төв банкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж, санхүүжилтийн нөхцөлийг таатай байлгах, банкны системийн тогтвортой байдлыг хадгалах цогц бодлого хэрэгжүүлсэн нь зээлийн хүү буурахад нөлөөлөв. Банкуудын шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2021 оны 11 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс 1.7 нэгж хувиар буурч 13.8 хувьд хүрэв. Үүнээс хөнгөлөлттэй зээлүүдийг хасвал төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 14.5 хувь буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурсан байна.

9. “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлж, санхүүгийн боловсрол олгох арга хэлбэрийг өргөтгөв

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран, Европын холбооны дэмжлэгтэйгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г боловсруулав. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дэмжих зорилгоор “Дэлхийн мөнгөний долоо хоног-2021”, “Дэлхийн хуримтлалын өдөр-2021”, “Ятгах тусам нягтал-2021” аянуудыг тус тус зохион байгуулж, цахим орчинд 2.6 сая иргэнд хүргэж, хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор 360 орчим мянган хүнд санхүүгийн боловсрол олгох сургалтыг хийв. Түүнчлэн, үндсэн хөтөлбөрийн хүрээнд 40 гаруй удаагийн сургалтад 1570 орчим  иргэнийг хамруулав. Мөн Монгол Улсын банкны салбарын ажилтанд тавигдах нэгдсэн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэхээр Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын банк санхүүгийн академи, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах банкны ажилтны суурь шаардлагын жишиг”-ийг дагалдах журам болон сургалтын хөтөлбөрийн хамт хэрэгжүүлж эхэллээ.

10. Төлбөрийн картын системийн шинэчлэлийг амжилттай гүйцэтгэж, үндэсний брэнд ₮ картыг EMV чип технологид шилжүүлэв

Төлбөрийн картын системийг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн шинэчилж, Англи улсын “TranzWare” cистемийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ. Ингэснээр банк хоорондын төлбөрийн картын системээр шинэ төрлийн гүйлгээнүүд дамжуулах, төлбөр тооцооны эрсдэлээс сэргийлэх зорилгоор хөрөнгийн удирдлага хэрэгжүүлэх боломжтой болов. Мөн уг шинэчлэлийн хүрээнд үндэсний брэнд ₮ картыг олон улсын жишигт нийцсэн EMV чип технологид амжилттай шилжүүллээ. Тус технологийг нэвтрүүлснээр ₮ картын нууцлал, аюулгүй байдал сайжрав. Төлбөр тооцоо шуурхай хийгдэх буюу картын мэдээллийг токенжуулан гар утсаараа картын гүйлгээ хийх, нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх зэрэг үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулах боломж бүрдээд байна. Энэ хүрээнд ISO/IEC 7816-5 буюу “Нэгдсэн хэлхээний карт”-ын олон улсын стандартыг үндэсний нэр дээр батлуулснаар ₮ картын чип Монголбанкны таних дугаартай болж, өөрийн улсын онцлогт тохирсон бие даасан аппликейшныг энэхүү чипэнд суулгах боломжтой болов.

11. Монголбанкнаас зөвшөөрөлтэй цахим мөнгөөр дижитал бонд худалдах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэв

Бэлэн бус төлбөр тооцоог дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор финтек байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, цахим мөнгө гаргах, төлбөрийн карт гаргах, хүлээн авах болон төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 7 хуулийн этгээдэд олголоо. Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлж буй Сэндбоксын хүрээнд Монголбанкнаас зөвшөөрөлтэй цахим мөнгөөр дижитал бонд худалдах үйл ажиллагаанд эрх зүйн зохицуулалтын дэмжлэг үзүүлснээр цахим мөнгөний хэрэглээг тэлж, зөвхөн бараа ажил үйлчилгээний төлбөр төлөх зорилгоор бус үнэт цаасны зах зээлийн захиалга авах, төлбөр төлөх, бүртгэх үйл ажиллагааг хөнгөвчилсөн дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэв.

12. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, ФАТФ-ын Зөвлөмжийн үнэлгээг ахиулж, виртуал хөрөнгийн салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох арга хэмжээ авав

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-д мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох 40 зөвлөмжийн хэрэгжилтийн явцын тайлангаа Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт хүргүүлж, ФАТФ-ын Зөвлөмж 1-ийн үнэлгээг “Дийлэнхийг биелүүлсэн” гэх үнэлгээгээр ахиуллаа. Энэхүү ахиц дэвшил нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд үүний үр дүнд ФАТФ-ын нийт 40 зөвлөмжөөс 38 зөвлөмжид нь “Дийлэнхийг биелүүлсэн” болон “Бүрэн биелүүлсэн” гэж үнэлэгдэв. Мөн ФАТФ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартад өөрчлөлт оруулж, улс орнуудыг виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосны дагуу “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн төслийг Хууль, тогтоомжийн тухай хууль болон олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулав. Хуулийн төсөл батлагдсанаар виртуал хөрөнгөтэй холбоотой эрх зүйн орчин бүрдэхээс гадна ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх, эдийн засгийн эргэлт нэмэгдэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурах ач холбогдолтой юм.

13. Монгол Улс Европын холбооны өндөр эрсдэлтэй улс орнуудын жагсаалтаас гарав

Монгол Улс 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-д орсон тул Европын Холбооноос Монгол Улсыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулаад байв. Гэхдээ Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, түүний дэргэдэх Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд эрчимтэй хамтран ажиллаж, ФАТФ-аас өгсөн үүрэг даалгавруудыг шуурхай биелүүлснээр Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарч, үүний үр дүнд Европын Комиссоос Монгол Улсыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй улс орнуудын жагсаалтаас гаргахаар шийдвэрлэв. Уг жагсаалтаас гарснаар Европын Холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох, Европын Холбооны санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нэмэгдэх эерэг үр дагавар бүрдэв.

14. Монгол Улсын банк санхүүгийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, банкны салбар дахь реформыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэв

Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар дараах зохицуулалтууд мөрдөгдөхөөр болов. Үүнд:

  • Нэгдүгээрт: Банкууд хуульд заасан хугацааны дотор хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, системд нөлөө бүхий банк зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байх, бусад банкууд нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зохицуулалтыг тусгав;
  • Хоёрдугаарт: Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зорилгоор аливаа этгээд дангаараа болон холбогдох этгээдийн хамт банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмших зохицуулалттай болж, энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангасан байх шаардлага тавигдав;
  • Гуравдугаарт: Банкыг албадан татан буулгасан үед хуримтлалтай иргэн болон өрхийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор иргэд хадгаламж болон харилцах дансан дахь өөрийн мөнгөн хөрөнгийг төлбөр барагдуулах дарааллын  тэргүүн ээлжинд авах зохицуулалтыг тусгав. Мөн бусад нэхэмжлэгчдийн төлбөрийн дарааллыг нарийвчлан зохицуулав;
  • Дөрөвдүгээрт: Хуульд заасан тодорхойлолт, нэр томъёог тодорхой болгож, банканд авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалтыг нарийвчлан тогтоов. Ингэснээр бодит байдал дээр гарч байсан аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлгогдох байдлыг залруулах ач холбогдолтой болов.

15. Банкны тухай шинэчилсэн хууль хэрэгжиж, банк нээлттэй хувьцаат компани болох реформ эхэллээ

Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 -т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжих IPO гаргах төлөвлөгөөгөө Монголбанканд танилцуулав. Энэ хүрээнд дээрх шаардлагыг хангаж нээлттэй хувьцаат компани болох анхны  зөвшөөрлийг Монголбанкнаас “Богд банк” ХХК-нд олгосноор тус банк нь Хөрөнгийн бирж дээр шинээр хувьцаа гарган олон нийтээс хөрөнгө босгов.

16. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны  тухай хуулийг шинэчлэн найруулж, батлуулав

Энэхүү хуулийн зохицуулалтыг банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй уялдуулах, өнөөгийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгох, мөн санхүүгийн салбарын хэрэглэгч буюу хадгаламж эзэмшигч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах, олон нийтийн банк, санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх үзэл баримтлал дор шинэчлэн найруулав. Энэхүү шинэчилсэн найруулгын хүрээнд харилцах дансыг нэр томьёоны хувьд төлбөрийн данс болгон өөрчилж, төлбөрийн дансны үлдэгдэлд хүү төлөхгүй байх, санхүүгийн үйлчилгээний ерөнхий нөхцөлийг тодорхойлж, үйлчилгээг цахимаар үзүүлж болдог байх чиглэлээр өөрчлөлт оруулав.

17. Банкны салбарын хүндрэлийг системээс бүрдүүлсэн хөрөнгөөр шийдвэрлэх “Банкны салбарын тогтворжуулах сан”-г байгуулав

Банкны тухай хуульд 2018 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц санг урьдчилан (ex-ante) бүрдүүлэх эрх зүйн үндэс тавигдаж, улмаар “Банкны тогтворжуулах сангийн журам”-ыг 2021 онд баталснаар системд нөлөө бүхий банкууд уг сангийн эх үүсвэрийг бүрдүүлж эхэллээ. Cангийн үндсэн зорилго нь  банкинд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд төрөөс татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүйгээр банкны системээс хураамж хэлбэрээр бүрдүүлсэн хөрөнгөөр бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг санхүүжүүлж, банкны салбарын тогтвортой байдлыг хангахад оршино.  Банкны тогтворжуулах санг бүрдүүлснээр  банкны салбарын гурван тулгуурт тогтвортой байдлын тогтолцоо бий болов. Ингэснээр эрсдэлд суурилсан хяналт шалгалт болон хадгаламжийн даатгалаас гадна банкны салбарт хүндрэл үүсэхэд системээсээ бүрдүүлсэн эх үүсвэрээр бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг санхүүжүүлэх тогтолцоо үүслээ.

18. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэх шийдвэр  хэрэгжиж эхлэв

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 дугаар тушаалаар “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэх” тухай шийдвэр гарсантай холбогдуулан арилжааны банкууд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээгээ нэмэгдүүлж, эрсдэл даах чадвар нь сайжраад байна.

19. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүртгэл, тэдгээрээс тайлан, мэдээг хүлээн авах, боловсруулах болон дүн шинжилгээ  хийх үйл ажиллагааг автоматжуулсан цогц систем бүхий go AML  програмыг нэвтрүүлэв

Энэхүү програм нь мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээлэл цуглуулах, цогц дүн шинжилгээ хийх, төрөл бүрийн статистик гаргах, хууль сахиулах байгууллагад шилжүүлэх, мэдээллийг түргэн шуурхай боловсруулах зориулалттай. Түүнчлэн, мэдээлэх үүрэгтэй этгээдийн тайлагнах үйл ажиллагааны чанарыг сайжруулж мөн Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой юм. goAML програм нь мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан хуулийн хүрээнд тайлан, мэдээг тайлагнах "гадаад" веб портал болон Санхүүгийн мэдээллийн албаны ажилтнуудын дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, статистик үзүүлэх "дотоод" буюу "клиент" програм гэх хоёр хэсгээс бүрддэг гэдгээрээ онцлог юм. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүртгэлээс эхлээд хуулийн хүрээнд мэдээлэх тайлан, мэдээлэл, нэмэлт болон хавсралт мэдээг нэг дор хүлээн авах, боловсруулах, дүн шинжилгээ хийх процессуудыг бүрэн нэгтгэсэн цогц систем юм.

20. Валютын арилжааны цахим талбарт урт хугацаат своп хэлцлийн програмыг шинээр хөгжүүлэв

Монголбанкнаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд банк болон гадаад валютын орлоготой томоохон аж ахуйн нэгжүүдтэй хийдэг гадаад валютын арилжаа нь  тогтмол, өндөр давтамжтай хийгддэг ч цаасан дээрх бичилт бүхий ажиллагаатай. Иймд цаг хугацаа болон хүн хүчний зардал их шаарддаг байв. Тэгвэл энэхүү нэн чухал үйл ажиллагааг автоматжуулж, алдаа гарах эрсдэлээс сэргийлэх, цаг хугацаа, зардлыг бууруулах зорилгоор шинээр урт хугацаат своп хэлцлийн програм хангамжийг хөгжүүллээ.