ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 51%-аар өсөж, 2.7 их наяд төгрөг болжээ

2022-11-04 10:02:06

Санхүүгийн салбарын 2022 оны гуравдугаар улирлын тоймыг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо(СЗХ)-ноос танилцууллаа.

Тус улиралд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, ББСБ, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүний 20.7 хувьд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан үзүүлэлт болов.

Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулахад 11.1%, даатгалын зах зээл 1.1%, ББСБ 7.9%, хадгаламж зээлийн хоршоо 0.6 хувьтай гарсан байна. 

Салбараар ангилан тойм мэдээллийг хүргэе.

ТОП 20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилан харахад аж үйлдвэр 56.3 хувийг эзэлж байна

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 3.7 хувь буюу 181.6 тэрбум төгрөгөөр буурч 4.7 их наяд төгрөгт хүрсэн ба хувьцааны хөрвөх чадвар 2.7 хувьд хүрчээ. Нийт 328.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба арилжааны 45.8 хувийг хувьцаа, 32 хувийг компанийн бонд, 21.2 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нэг хувийг ХОС тус тус эзэлж байна.

ТОП 20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилан харахад аж үйлдвэр 56.3 хувь, уул уурхай 19.7 хувь, банк санхүүгийн салбар 17.4 хувь, худалдаа үйлчилгээ 4.4 хувь, харилцаа холбоо 2.2 хувийг эзэлж байна.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гарсан бөгөөд 681.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1% өсөж, 449.6 тэрбум төгрөгт хүрэв

Даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөж 449.6 тэрбум төгрөгт хүрэв. Нөөц сан 2.1 хувиар өсөж 209 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна. Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 127.2 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 2,948,989 зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.7 хувиар өсөж, 216.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.

Даатгалын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 50.7 хувиар өсөж 69 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.4 хувийг эзэлж байна.

ББСБ-ын харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.9 саяд хүрснээс 92.2 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна

Мөн улирлын байдлаар нийт 522 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөг хүрчээ. Нийт харилцагчийн тоо давхардсан байдлаар 4.9 саяд хүрсэн. Тэдгээрийн 92.2 хувь нь финтекийн харилцагчид байна. Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгдэж, 1.6 саяд хүрсэн ба 88.8 хувийг финтекийн зээлдэгчид эзэлж байна.

Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсөж 2.7 их наяд төгрөг болсон. Нийт зээлийн үлдэгдлийн 88.9 хувийг иргэдийн зээл, 11.1 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл эзэлж байгаа бөгөөд чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувьд 7.3 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс нэг пунктээр буурав. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 237.5 мянган төгрөг аж.

Хадгаламж, зээлийн хоршооны нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсөж, 216.1 тэрбум төгрөг болов

Нийт 202 ХЗX-д 72,770 гишүүнд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар буурч 266.7 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс хадгаламжийн хэмжээ 189.8 тэрбум төгрөг буюу 71.2 хувийг эзэлж байна.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсөж, 216.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.6 хувийг чанаргүй зээл эзэлж байна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт 140 мянга орчим харилцагч нь идэвхтэй арилжаа хийдэг

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль энэ орны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж, шилжилтийн үеийн зохицуулалтад зааснаар хууль батлагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан BXYY-д гурван сарын хугацаанд багтаж СЗХ-нд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Давхардсан тоогоор ойролцоогоор 800 мянга орчим харилцагч байгаагаас бүртгүүлсэн есөн биржид 300 мянга орчим харилцагч байна. Тэдгээрээс 140 мянга орчим харилцагч нь идэвхтэй арилжаа хийдгийг мэдээллээ.

СЗХ нь чиг үүргийнхээ хүрээнд 3,686 зохицуулалттай этгээд, 2298 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавин ажиллажээ.