Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталлаа

2015-09-07 14:20:27

Засгийн газраас  бүртгэлийг сайжруулах замаар иргэн хуулийн этгээдийн хөрөнгийг капиталжуулан эргэлтэд оруулж эдийн засгийн ил тод байдлыг дэмжих эрх зүйн орчныг бий болгоод байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлуулах ажил амаргүй явж ирсэн бөгөөд 2012 оноос хойш гурван ч удаа хуулийн төслийг боловсруулж, өргөн барих ажлууд хийгдэж байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас тухай бүр хуулийн төсөл буцаагдсаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдан гарлаа.

Тус хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлахаар заасны дагуу Ерөнхий сайдын 2015 оны 168 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж холбогдох журмын төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцүүлж батлууллаа.

Засгийн газрын тогтоол батлагдсан даруйд хууль, түүнийг хэрэгжүүлэх журмыг сурталчилан таниулах ажлыг нэн яаралтайгаар зохион байгуулж эхний алхамыг олон нийтийн холбоо, бизнесийн зөвлөл зэрэг бизнес эрхлэгчдийг дэмждэг байгууллагуудтай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уулзалт зохион байгуулж, хууль, журмыг танилцуулан санал солилцсоны үр дүнд, хамтарч ажиллах ажлын дэд хэсэг байгууллаа. Уг ажлын хэсэгт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо зэрэг байгуулагууд оролцлоо.

Энэхүү ажлын дэд хэсгийн үндсэн зорилго нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийг холбох гүүр болох юм.

Хуулийн зорилго:

  • Татварын баазыг тэлэх, бүртгэлийг сайжруулах
  • Сүүдрийн эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах
  • Бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагааг явуулах боломж, эхлэлийг тавих

Хуулийн хамрах хүрээ:

Хувь хүн, хуулийн этгээд нь

  • 2015.04.01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг;
  • 2015.12.31-ний өдрийн дотор сайн дурын үндсэн дээр ил болгох нь ;
  • Хуулиар тогтоосон хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх

Хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх хуулиуд:

  • Нийгмийн даатгалын тухай хууль;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль;
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
  • Гаалийн тухай хууль;
  • Захиргааны хариуцлагын тухай хууль.
  • Татварын ерөнхий хууль;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль;

Чөлөөлөгдөх татварын төрөл:

  • аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
  • хувь хүний орлогын албан татвар;
  • үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
  • нэмэгдсэн өртгийн албан татвар;
  • онцгой албан татвар;
  • гаалийн албан татвар.

Энэхүү хуульд хамрагдан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн хувьд эрх зүйн дараах баталгааг хуулиар олгож байгаа бөгөөд холбогдох мэдээлэл нь НУУЦ байна.:

  • дахин эрүүгийн хэрэг үүсгэхгүй;
  • захиргааны хариуцлага хүлээлгэхгүй;
  • гүйцэтгэх ажил явуулахгүй;