Эрхийн бүртгэл, зөвшөөрлийг богино хугацаанд шийдвэрлэхээр журмуудаа шинэчлэн баталлаа.

2015-11-27 10:18:40

Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийн бүртгэлийн материалыг цахим хэлбэрээр авах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, эрх олгохтой холбоотой олон журмыг цэгцлэх ажлыг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд зарим журамд өөрчлөлт оруулах асуудлыг Хорооны ээлжит 27 дугаар хуралдаанаар хэлэлцлээ. Үүний нэг нь Үнэт цаасны бүртгэлийн тухай журам юм. Шинэчлэгдсэн журам нь бүртгэлийн үйл явцыг цаг хугацааны хувьд түргэвчлэх, чиг үүргийн давхардал арилгах зэрэг давуу талтайн дээр үнэт цаасны компаниудад олон боломж нээж буйгаараа онцлогтой. Тодруулбал, бүртгэлийн материалыг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид нэгэн зэрэг авч, Үнэт цаасны компани танилцуулгаа хуульд заасны дагуу боловсруулсан эсэхэд Хөрөнгийн бирж, тухайн үнэт цаас бүртгэхтэй холбоотой ажиллагааг хэрхэн хийсэн бэ гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо хянаж бүртгэхээр боллоо. Энэ журмаар тухайн байгууллага үнэт цаас гаргахтай холбоотой танилцуулгыг өөрөө хянадаг болно. Мөн үнэт цаас гаргагч нь Хороонд бүртгүүлснээс хойш зургаан сарын дотор арилжаагаа явуулж дуусгадаг байсныг нэг сар болгон өөрчиллөө. Ингэснээр андеррайтерын үүрэг хариуцлага нэмэгдэж, анхны захиалгаар орсон хөрөнгө оруулагчдын хувьцаа түгжигдэхгүй байх давуу талтай болохыг зохицуулалтын газрынхан мэдэгдлээ.

    Өмнө нь зургаан өөр журмаар зохицуулагддаг байсан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтыг нэгтгэсэн “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журам”-ыг мөн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Үүний зэрэгцээ зөвшөөрлийн өргөдөл, хүсэлтийн маягтыг хэрхэн бөглөх, шаардсан баримт бичгүүдийг бүрдүүлэх болон тэдгээрийг Хороо хүлээн авах, хянах талаарх зааврыг баталсан юм. Энэхүү журам, заавар батлагдсанаар зөвшөөрөл авах үйл ажиллагаа илүү ойлгомжтой, ил тод болж, богино хугацаанд шийдэгдэхээс гадна  зах зээлд оролцогчдын нэгдсэн мэдээллийн сантай болох, салбарын нэгдсэн судалгаа гаргах, салбар хоорондын уялдаа холбоо, хяналтыг сайжруулах, даатгалын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд хүрч чадавхжихад нь чухал хувь нэмэр болох юм.

    Санхүүгийн үйлчилгээний хүртээмж тааруу орон нутагт иргэдийн амьжиргааг дэмжих, үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хадгаламж зээлийн хоршооны тоог хоёр дахин нэмэгдүүлэх бодлогыг Санхүүгийн зохицуулах хороо баримтлан ажиллаж байгаа. Тэгвэл бодлогын хүрээнд дэмжээд зогсохгүй орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хадгаламж зээлийн хоршоодыг зохицуулалтын хүрээнд дэмжиж, зохицуулалт үйлчилгээний хөлс шимтгэлээс чөлөөлөх  асуудлыг тус  хуралдаанаар хэлэлцэж гишүүд зарчмын хувьд дэмжлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.