Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ӨР ТӨЛБӨРҮҮДИЙГ ДАХИН БОНД ГАРГАХ ЗАМААР САНХҮҮЖҮҮЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ НӨХЦӨЛ ҮҮСЭЭД БАЙНА

2016-09-06 10:00:29

Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага, санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байна гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдээд байна. Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны  төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Эдгээр төсөлд тусгаснаар нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ дөрвөн их наяд 397.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 18.2 хувьтай тэнцэхээр байна. Харин төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн алдагдал 2017 онд дөрвөн их наяд 355.2 тэрбум төгрөг, 2018 онд дөрвөн их наяд 121.5 тэрбум төгрөг болохоор төсөлд тусгажээ. Ойрын хугацаанд тулсан өр төлбөрүүдийг дахин бонд гаргах замаар санхүүжүүлэхээс өөр аргагүй нөхцөл үүсээд байна гэж Сангийн сайд гишүүдийн асуултад хариулах үедээ мэдэгдсэн юм. Олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ унасан ч алтны ханш он гарснаас хойш 25 орчим хувиар өсөөд байна. Энэ онд алт тушаалтын 60 орчим хувь нь хувь хүний нэр дээр байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав мэдээллээ.

                                                                                                                  Эх сурвалж bloombergtv.mn