Монголбанк: Бодлогын хүүг хэзээ бууруулах нь Засгийн газраас хамаарна

2016-09-13 11:07:30

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа Discover Mоngolia 2016 хуралд оролцлоо.Тэрээр мөнгөний бодлогын хамгийн сүүлчийн шийдвэрийг ямар орчинд яагаад гаргасан талаар тайлбарлалаа. 

Бодлогын хүүг 15 хувь болгосон нь урьд өмнөхөөс хамгийн өндөр дүн. Улсын төсөв дээр зохицуулалт хийхээс өөр аргагүй талаар Монгол банкны өмнөх удирдлагууд ч анхааруулсаар ирсэн. Одоогийн төв банкны удирдлагууд энэ оны болон ирэх онуудын төсвийг хэрхэн батлахыг анхааралтай ажиглаж байгаа аж.

Б.Баярдаваа дарга уг нь өдийд төсвийн бодлого тэлэх ёстойг онцолсон. Гэвч 2011-2012 онд их хэмжээгээр төсвийг тэлсэн буюу зардлаа нэмсэн тул одоо дахин тэлэх боломж үлдээгүй байна.

Одоогийн хатуу бодлогоо хурдан зөөлрүүлэх хэрэгтэйг Монгол банк хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Засгийн газар төсвийн зардлыг хангалттай бууруулж чадахгүй байгааг шүүмжиллээ. Учир нь Засгийн газар төсвийн зардлыг бууруулах зорилгоор боловсруулсан олон хуулийн төслөө хоёр хоногийн өмнө эргүүлэн татсан юм.    

Бодлогын хүү 15 хувьд хүрснээр Монгол банк арилжааны банкуудын мөнгийг 15 хувийн хүүтэй авч хадгална гэсэн үг юм. Ингэснээр банкууд хөрөнгөө зээлд гаргалгүй, хадгалах сонирхолтой болж, зах зээлд эргэлдэх мөнгө хомстох эрсдэл бий. Банкууд нэг үеэ бодвол хангалттай хэмжээний өөрийн хөрөнгө хуримтлуулсан. Банкуудын нийт хөрөнгийн 30 орчим хувь нь эдийн засгийн эргэлтэд ороогүй байна. Яагаад гээд асуухаар эрсдэл даах чадвартай төсөл алга, санхүүжүүлэх төсөл алга гэж хариулдаг талаар Монголбанкны төлөөлөл танилцуулав.

Монгол банк Засгийн газар ямар алхам хийхээс бодлогын хүүгээ хэзээ бууруулах, тэд ямар хэлцэл хийхээс шууд хамаарна гэсэн байр суурьтай байна.

Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ам.долларын эсрэг ханш тогтвортой байгаа тул бодлогын хүүгээ сулруулах цаг болоогүй юу гэсэн асуултыг оролцогчид асууж байв.