2017 ОНД МОНГОЛ УЛС ДОЛООН ИХ НАЯД 431.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВНА

2016-11-07 11:07:10

2017 онд Монгол Улс шинээр долоон их наяд 431.8 тэрбум төгрөгийн зээл авахаар төлөвлөж байна. Үүнээс 723.1 тэрбум төгрөг нь төслийн зээл байгаа бол үлдсэн хэсэг нь гадаад, дотоод бондоор босгох мөнгө байгаа ажээ. Ирэх онд нийт дүнгээр гадаад зээл, буцалтгүй тусламжаар 111 төслийг хэрэгжүүлнэ. Үүнээс 24 хувь нь буюу хамгийн их тоо хэмжээ дэд бүтцийн салбарт хэрэгжих юм. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн 49 хувь нь дэд бүтцийн салбарт орж байна. Төсвийн ерөнхийлөн захирагчаар харвал, Зам, Тээврийн хөгжлийн сайдад хамгийн их буюу 259.7 тэрбум төгрөгийн зээл ногдож байгаа аж. Нийт 111 төслийг 857.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсний 723.1 тэрбум төгрөг өмнө дурдсанчлан нь төслийн зээл байх бол үлдэх хэсэг нь буцалтгүй тусламж байх юм байна. Энэхүү зээлийн 224.4 тэрбум төгрөг нь 2017 онд шинээр авч байгаа зээл байна. Зээл, тусламжийг санхүүжүүлэгч 23 талаас санхүүжилтийн хэмжээгээр БНХАУ-ын Засгийн газрын болон түүний харьяа байгууллагууд тэргүүлж Япон улс, Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ удаалж байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын санхүүжүүлж буй зээл, тусламжийн 51 хувь нь тус улсын “Эксим” банкнаас шинээр авч байгаа зээл гэдгийг Нээлттэй нийгэм форум онцолж байна.

М.Дэлгэрмаа

Холбоо барих: [email protected]