Н.Баяртсайхан: Хүү бууруулсан нь валютын нөөцөө хадгалах боломж

2016-12-20 10:17:55

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс өчигдөр /2016.12.19/ мөнгөний бодлогын хүүг нэг нэгж буюу 14 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдлаас сэргийлэх, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн  тогтвортой байдлыг хангах үр дүнгээ өгсөн гэж Мөнгөний бодлогын зөвлөл тайлбарлав. Гадаад худалдааны нөхцөл сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө гэж Монголбанк үзсэн байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргаж байгаагаа Монголбанкны зүгээс мөн онцоллоо. Мөнгөний бодлогын цаашдын төлөв Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлтөөс шууд хамааралтай гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн юм.

Хэвлэлийн бага хурлын дараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.

 

Олон улсын Валютын сан /ОУВС/-тай хийх хэлэлцээ хэзээ шийдэгдэх вэ?

-Олон улсын Валютын сантай хийх хэлэлцээ үргэлжилж байна. ОУВС-гийн төлөөлөл өнгөрсөн наймдугаар сард Монголд ирж, танилцах уулзалт хийсэн. Аравдугаар сард олон улсын экспертүүдийн шинжээчдийн баг ирж, Монгол Улсын санхүү эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай танилцаад буцсан. Энэ ажлын хэсэг Монгол Улсын өнөөгийн нөхцөл, өрийн дарамт, бусад үүссэн нөхцөл байдлыг удирдлагууддаа танилцуулсан гэсэн. Үүний дагуу арванхоёрдугаар сард ОУВС-гийн төлөөлөл ирэх ёстой байсан ч Европын орнуудад шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан ирэх оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулсан. Олон улсын валютын сангийн төлөөллүүдийг ирэх нэгдүгээр сард ирж, албан ёсны хэлэлцээг эхлүүлнэ гэж бид хүлээж байна. Ер нь бол тус сангаас гишүүн орнууддаа тавьдаг жишиг байдаг. Энэ нь аливаа улс орны гадаад валютын нөөц импортын гурван сарын хэрэгцээг хангаж байх ёстой гэж үздэг явдал. Манай улсын валютын нөөц Монгол Улсын импортын таван сар гаруйн хэрэгцээг хангаж байгаа. Тиймээс бид энэ нөөцөө хамгаалах бодлого барьж ажиллаж байна. Мөнгөний бодлогын хүүг өндөр байлгах нэг шалтгаан нь валютын нөөцөө хамгаалах явдал юм.

-Бодлогын хүүг 14-өөс доош хувиар бууруулах боломж байсан уу?

-Мөнгөний бодлогын хүүг хэн нэгэн хүнд таалагдахын тулд нэмэгдүүлдэг, бууруулдаг зүйл биш.Энэ бол эдийн засгийн амьдралын маш чухал механизм. Тиймээс мөнгөний бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргахдаа бид маш их болгоомжилсон. Өнөөдөр манай эдийн засагт тодорхой бус хүчин зүйл их байна. ОУВС-тай хийх хэлэлцээ эхлээгүй, эдийн засгийн гол үзүүлэлт болох зэс, алт, нүүрсний үнэ бага зэрэг өссөн ч энэ хандлага 2017 онд ямар байх вэ гэдгийг одоо хэлэх боломжгүй. Мөн дэлхийн эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал олон байна.Жишээлбэл, АНУ-ын төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлбэл түүнийг дагаад дэлхийн бусад улс орнуудад байгаа валютын нөөц АНУ руу чиглэдэг. Энэ мэтчилэн дотоод болоод гадаадын тодорхойгүй нөхцөл олон байгаа учраас мөнгөний бодлогын хүүг болгоомжтой зөөлрүүлье гэдэг зарчим баримталж байгаа. Энэ бол маш олон хүний амьдрал, бизнест нөлөөлдөг санхүүгийн зэвсэг учраас сэтгэлийн хөдөлгөөнөөр, хүмүүст таалагдахын тулд шийдвэр гаргаж болохгүй. Одоогийн нөхцөл байдалдаа тулгуурлан нэг хувиар бууруулах шийдвэр гаргасан. Мөнгөний бодлогын хүүг бууруулах нь дан ганц Монголбанкны шийддэг асуудал биш. Дэлхийн бүх улс орнууд мөнгөний бодлогын хүүгээр дамжуулан эдийн засгийн амьдралдаа нөлөөлөх гэж оролддог тогтсон жишиг бий. Бид маш өргөн хүрээнд авч үзэж байж шийдвэрээ гаргасан. Ерөнхий эдийн засгийн нөхцөлтэй холбогдож өөрчлөгдөж байдаг зүйл бол мөнгөний бодлого.

-Мөнгөний бодлогын хүүг бууруулснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Төрөөс эдийн засгаа удирдах цогц арга хэмжээний нэг хэсэг нь мөнгөний бодлого. Бид өмнө нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлж, тодорхой арга хэмжээ авсан ч дан ганц мөнгөний бодлогоор эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нь хязгаарлагдмал байгааг харуулсан. Тиймээс Монголбанк, Засгийн газрын үйл ажиллагаа маш сайн уялдаа, холбоотой ажиллах ёстойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас гаргах гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэрэг бодлогын шийдвэрүүдээс шууд хамааралтай асуудал юм.

-Долларын ханшийн өсөлтөд Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ?

-Долларын ханшийн хэлбэлзэлд нөлөөлөх гол хүчин зүйл бол Монгол Улсын валютын нөөц. Нөгөө талаас бид төгрөгийн ханшийг тогтворжуулах тал дээр ажиллаж байна. Мөнгөний бодлогын хүү валютын ханшид тойруу замаар очиж нөлөөлдөг. Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх нь хямралд өртсөн улс орнууд валютын нөөцөө хамгаалах гол хэрэгсэл болдог. Энэ бол дэлхий нийтэд тогтсон жишиг. Тиймээс бид мөнгөний бодлогыг өнгөрсөн наймдугаар сард нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Намайг Монголбанкны ерөнхийлөгчийн ажлыг авахад валютын нөөц нэг тэрбум 200 сая ам.доллар байсан. Өнөөдрийн байдлаар  нэг тэрбум 189 сая ам.доллар байна. Энэ бол цаг алдалгүй гаргасан бодлогын шийдвэрийн үр дүн гэж бодож байна.

-Засгийн газар, Монголбанк хоорондын бодлого уялдаагүй байснаас эдийн засаг хямарсан гэж зарим эдийн засагчид дүгнэж байгаа?

-Монголбанкны бодлого, Засгийн газрын бодлого тусдаа явж ирснээс болж өнөөдрийн эдийн засгийн амаргүй байдал үүссэн. Шинэ Засгийн газрын хийсэн нэг том алхам бол нэгдсэн нэг төсөвтэй болсон явдал. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс маш олон төсөвтэй олон газраас санхүүжилт олгодог байсан. Тухайлбал, УИХ-аас баталсан нэгдсэн төсөв, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, УИХ-аас шийдвэр гаргаагүй байхад Монголбанкнаас сайн хашаа, сайн хувьцаа, сайн малчин зэрэг маш олон төсөл хөтөлбөрүүдэд дур мэдэн санхүүжилт олгосон байсан. Мөн Сангийн яам нь мэдээгүй байхад концессын гэрээгээр санхүүжилт олгосон. Энэ мэт төсвийн шинжтэй санхүүжилт явагдаж байсныг шинэ Засгийн газар бүгдийг нь хумьж, нэг төсөвтэй болгосон. 2016 оны төсөв 18 хувийн алдагдалтай байсан ч өмнө нь байсан тэр олон төсвийг нэгтгэж чадсан. Харин 2017 оны төсөв дээр төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 9,1 хувьд хүргэхээр тооцож, Засгийн газар, Монголбанк хамтран ажиллаж байна.  

-Ирэх оны гуравдугаар сард төлөгдөх бондын өрийг төсөвт суулгасан юм уу, энэ зээлийг төлөх мөнгө байхгүй гэж зарим хүмүүс хэлээд байгаа?

-Хөгжлийн банкнаас авсан зээлд Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргасан. Энэ мөнгийг төсөвт суулгасан байгаа. Хэрэв энэ мөнгийг төлж чадахгүй гэвэл Монгол Улс дэлхийд деполт зарлалаа гэсэн үг. Бондын зээлээ төлж чадахгүй бол ойрын 5-7 жил биднийг гадны хөрөнгө оруулагчид тоож харахгүй гэсэн үг. Дэлхийн жишигт анхныхаа бондыг төлж чадахгүй бүдэрч байсан түүх байхгүй. Энэ гуравдугаар сард төлөх бондын мөнгө бол Монгол Улсын анхны бонд.

-Алт худалдаж авах, худалдаалах нь валютын нөөц нэмэгдүүлж байгаа юу. Төв банк 17 орчим тонн алт худалдаж авсан гэсэн мэдээлэл байсан?

-Бид энэ онд 17 орчим тонн алт худалдаж авсан. Үүнийгээ гадаад улс орны найдвартай банкуудад хадгалж байгаа. Валютын хэрэгцээтэйгээ уялдуулан валютын нөөцийг нэмэгдүүлэх нэг том суваг бол алт худалдаж авах.  Олон улсын металын биржийн үнээс бага үнээр худалдаж аваад, их үнээр өөр биржид худалдах ажлыг Монголбанк хийж байгаа. Монголбанкнаас алтны үнийг Лондонгийн металын биржийн үнээс дутахааргүй мөнгөөр худалдаж авах шийдвэр гаргасан. Бидний тооцооллоор Монгол Улс жилдээ 40 орчим тонн алт олборлож байгаа. Түүнээс 17 тонн нь Монголбанкиар дамжуулан худалдагдаж байна. Бусад нь алтны ченжүүдийн гараас гадаад зах зээлд гарч байгаа. Алтны ченжүүд Монголбанкны худалдаж авч байгаа ханшаас өндөр биш үнээр худалдаалж байгаа учраас алтаа Монголбанкиндаа тушаахыг алтны ченжүүдэд сануулж байна.

-Ипотекийн зээлийн санхүүжилтэд хийсэн шалтгалтаар зарим банк ипотекийн зээлийг өөр зориулалтаар хэрэглэсэн зөрчил илэрсэн гэсэн?

-2016 оны долдугаар сард ипотекийн зээлийн зарцуулалтад шалгалт хийсэн. Энэ шалгалтаар хоёроос гурван банк 20 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлээс  өөр зүйлд санхүүжилт хийсэн байсан. Тиймээс өнгөрсөн аравдугаар сараас арилжааны банкууд ипотекийн зээлд санхүүжилт олгохоосоо өмнө Монголбанкнаас мөнгөө авдаг байсныг болиулж банкууд ипотекийн зээлээ олгосоны дараа төв банкнаас санхүүжилтээ авдаг болсон.