ОУВС ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ӨӨДРӨГӨӨР ТААМАГЛАЖ БАЙНА

2017-04-21 10:17:39

Олон Улсын Валютын Сан “Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлт сайжирсаар байна” гэж дүгнэлээ. Хэдий тийм боловч олон улсын хэмжээнд эрсдэлүүд байгааг онцолсон байна. Тухайлбал, АНУ, Европын орнуудад улс төрийн орчин, бодлогын түвшинд тодорхой бус байдал бий болсны дээр БНХАУ-ын өр зээл нэмэгдэж байгааг Олон Улсын Валютын Сан тайландаа онцолжээ. Тус байгууллагаас дэлхийн эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр таамаглаж байгаа аж. Энэ нь улс орнуудын санхүүгийн нөхцөл сайжирч, банк, санхүүгийн салбарын эрсдэл буурах нөхцөл болж байна. Ялангуяа дийлэнх орнууд урт хугацааны бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргасан нь банк санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниудын санхүүгийн нөхцөлд дэмжлэг үзүүлэх нөхцөл болж буйг шинжээчид тайлбарлажээ. Түүнчлэн газрын тос зэрэг уналттай байсан түүхий эдийн ханш эргэн өсөж эхэлсэн нь зарим орнуудын санхүүгийн байдал сайжрах таатай мэдээ болж буйг шинжээчид онцолсон байна.

Үүнээс гадна АНУ-ын Холбооны Нөөцийн банкны "Beige Book" тайлан гарлаа. Тайланд тус улсын эдийн засаг хоёрдугаар сарын дунд үеэс гуравдугаар сарыг дуустал "дундаж түвшинд" өссөн талаар дурдсан байна. Хэдий тийм боловч хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулахад бэрхшээлтэй байгаагийн дээр инфляцын эрсдэл байсаар байгааг АНУ-ын Төв банкнаас онцолжээ.

Н.Номин-Эрдэнэ

Холбоо барих: [email protected]

[email protected]