Сүүлийн дөрвөн жилд уул уурхай, олборлолт ДНБ-ий 24 орчим хувийг бүрдүүлжээ

2021-06-10 14:02:39

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, олборлолтын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 орчим хувийг бүрдүүлсэн дүнтэй байна.

Үүнээс уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх жин 2018 онд хамгийн их буюу 24.5 хувь хүрч байжээ. Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Тухайлбал: 2000 оны дунд үеэс дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн Монголын олборлох салбар дотоодын эдийн засагт эзлэх байр суурь огцом нэмэгдсэнийг Дэлхийн банкны судалгаанд онцолжээ. Цар тахал дэгдсэн 2020 онд дотоодын эдийн засаг 5.3 хувиар буурсан байна. Энэ нь 1992 оноос хойших хамгийн огцом уналт боллоо.

Харин энэ оны эхэн үеийг авч үзвэл цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зэсийн баяжмал, нүүрсний экспорт саарчээ. Нөгөө талаас түүхий эдүүдийн үнэ өндөр байгаа нь экспортын орлогод эергээр нөлөөлөхөөр байгаа юм.