ТӨСӨВ 2022: Нүүрсний экспортыг хоёр дахин нэмж, хотын түгжрэлд 420 тэрбум төгрөг зарцуулна

2021-09-28 16:00:19

Маргааш Засгийн газрын хуралдаан болно. Сангийн яам маргаашийн хурлаар ирэх оны улсын төсвийн төслийг танилцуулах юм. Төсвийг арван нэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн батлах хуулийн хугацаатай учир УИХ намрын чуулган эхлэнгүүт хэлэлцэнэ.  

ИРЭХ ОНД 36 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛНО
Ирэх оны улсын төсвийн нийт зардал 16 их наяд төгрөг байна. Хэдийгээр зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт манай экспортын бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа ч ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа эдгээрийн үнийн өсөлтөд найдаагүй гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм. Гэхдээ нүүрсний экспортыг 36 сая тонн буюу энэ оныхоос (15.9 сая тонн) даруй хоёр дахин өсгөж, төмрийн хүдрийн экспортыг 8.5 сая тонноос 9.5 сая тонн болгохыг зорьж байна. Алтны экспортыг Монголбанк энэ оныхтой ижил буюу 20 тонн байна гэж үзсэн байна.

Нүүрсний экспорт та бүхний төлөвлөсөн 36 сая тоннд хүрэх үү гэсэн асуултад Сангийн сайд энэ дүнд хүрэхийн төлөө хичээн ажиллана гэж хариулав.

ЗТХЯ ирэх оны долдугаар сард Таван толгой-Гашуун сухайтын төмөр замыг ашиглалтад оруулахаа мэдэгдсэн юм. Төмөр замыг хугацаандаа нээж чадвал нүүрсний экспортыг энэ оныхоос хоёр дахин өсгөх боломжтой.         

2020 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГО:

  • Ирэх онд Засгийн газар төрийн өмчит ААН-үүдэд бүтцийн өөрчлөлт хийн, үр ашиггүй ажилладаг бол татан буулгана. Жишээ нь төрийн өмчит ААН байсан “Монгол шуудан”-гийн 34 хувийг олон нийтэд нээлттэй санал болгосноор тус ХК-ийн өгөөж арав дахин өсжээ. Иймд төрийн өмчийн 109 компанийг нэг бүрчлэн үнэлж байгаа аж.       
  • Халамжаас хөдөлмөрт шилжинэ.
  • Төрийн албаны  бүтцийг шинэчилнэ. Төр 300 мянган хүн тэжээж байна. Тэдний цалин, НДШ зэрэгт жил бүр 450 тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Цэвэрлэгээ гэх мэт зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлбэл зардал буурна. Энэ өөрчлөлтийн улмаас төрийн зарим албан хаагч ажилгүй болох эрсдэлтэй.
  • Гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд орлогоо өсгөх боломжийг хуулиар олгон, гүйцэтгэлээрээ санхүүжих  тогтолцоо руу шилжсэн. Боловсролын салбарт ч энэ шинэчлэлийг хэрэгжүүлэн, сургуулийн удирдлагуудад санхүүгийн эрх мэдэл, хариуцлагыг хамт төвлөрүүлнэ. Багш нарын ажлыг сурагч нь ахиц гаргасан эсэхээр дүгнэнэ.               
  • Хөгжлийн банкийг Экспорт импортын банк болгоно. Энэ банкийг татан буулгахгүй. Ингэснээр бусад улсуудын Экспорт импортын банкны нэгдсэн сүлжээнд орж, бусад банктай хамтарсан санхүүжилт татах боломжтой. Энэ банкны чанаргүй зээл 1.5 их наяд төгрөгт хүрсэн. Энэ зээлийг эрүүлэн төлүүлэхийн тулд Актив удирдлагын компани байгуулан, эхний ээлжид зөвхөн Хөгжлийн банкны муу зээлд төвлөрч ажиллана. Актив удирдлагын компанийг (АУК) төр, хувийн хэвшил хамтран байгуулна. Хоёр жилийн өмнө Монголбанк Актив удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулсан. Гэвч АУК-ийг төрөөс санхүүжүүлэн байгуулахыг УИХ-ын гишүүд дэмжээгүй тул төсөл унасан юм. Харин ирэх онд АУК хязгаарлагдмал хүрээнд буюу зөвхөн ХБ-ны муу зээл дээр ажиллана.

ШИНЭ БОНД
Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газар дотоод зах зээлд бонд гаргана. Сүүлийн хоёр жилд бонд гаргах хэрэгцээ байгаагүй. Хамгийн сүүлд 2017 оны аравдугаар сард бонд гаргажээ. Одоо бодлогын хүү зах зээлийн суурь хүү болж байгаа бол цаашид Засгийн газрын бондын хүү суурь болно. Сангийн яам биржийн бус зах зээлд бонд гаргах боломжийг судалж байна. Төв банк мөн бонд гаргахыг дэмжжээ.          

ЖДҮХС-Д ДАХИН ТӨСӨВ ХУВААРИЛААГҮЙ
Ирэх онд ЖДҮХС-д дахин төсөв хуваарилахгүй. Энэ онд ч төсвөөс мөнгө хуваарилаагүй тул шинэ зээл олгоогүй юм. Засгийн газар улсын төсвөөс зээл олгох нь буруу. Харин мэргэжлийн байгууллагаар дамжуулан олгох нь зөв гэж үзэж байна. Арван их наяд төгрөгийн хөтөлбөрт багтсан, гурван хувийн хүүтэй зээлд зориулан Засгийн газраас ердөө 70 тэрбум төгрөг гарган, үлдсэн санхүүжилт болох 2 их наяд төгрөгийг банкууд өөрийн эх үүсвэрээс гаргажээ. Энэ нь хамгийн зөв механизм, хүн банкнаас зээл авахдаа өөрөө давхар суралцаж байдаг гэж Сангийн сайд тайлбарлав. Ер нь ЖДҮ эрхлэгчдийн хамгийн том бэрхшээл нь зээл, зээлийн хүү биш. Харин борлуулалт тул төр тэднийг худалдан авагчтай холбох гүүр нь болно. ЖДҮХС-гаас улсын төсөвт эргэн төлөх нийт зээлийн хэмжээ 440 тэрбум төгрөг байна.

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНД 1 ИХ НАЯД ТӨГРӨГ ХУВААРИЛСАН Ч
Зээлийн батлан даалтын санд энэ онд нийт 1 их наяд төгрөг хуваарилжээ. Гэвч тус сангаас батлан даасан нийт зээл 34 тэрбум төгрөгт хүрэхгүй байна. Энэ талаар Сангийн  сайд Б.Жавхлан “Зээлийн батлан даалтын сан муу ажиллаж байна. Банкууд энэ байгууллагыг, ер нь төрд итгэхгүй байгаагаас Зээлйн батлан даалтын сан бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүй байна” гэсэн юм.

2022 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ТООНУУД

  • Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулна. Улаанбаатар хот энэ онд ийм хэмжээний буюу 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байв. Гэвч хотын түгжрэлийг өнөө хэр шийдээгүй тул энэ эх үүсвэрийг улсын төсөв рүү татахгүй. Харин хөгжлийн түгжрэл болсон замын асуудлаа шийдэх үүргийг хотын удирдлагуудад өгсөн байна.
  • Ирэх онд манай улсын нийт импорт 6.3 тэрбум ам.доллараас 7.2 тэрбум ам.доллар болж өсөх тооцоог Сангийн яам хийжээ.            
  • Энэ онд төсвийн алдагдал ДНБ-ийн 8.8 хувьтай тэнцэж байгаа ч ирэх онд 5.1 хувь руу буулгана.
  • Энэ онд Засгийн газар 200 сая ам.долларын зээл, зээлийн хүү төлжээ. Ирэх онд мөн ийм хэмжээний төлбөр төлнө. Засгийн газрын өр ДНБ-ийн 70 хувиас хэтрэхгүй гэсэн таазанд тулсан хэвээр байх нь. Энэ дүн ирэх жил 65, 2024 онд 60 хувь болж буурна. Манай улсын ДНБ тэлэх хэрээр Засгийн газрын зээл авах боломж өргөждөг.
  • Ирэх онд хийх шилжих хөрөнгө оруулалт нийт 1.5 их наяд төгрөг байна. Тээвэр логистикийн бэрхшээлийн улмаас энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хийх олон ажил хойшилжээ. Бараа материалын үнэ өссөн тул тендерт шалгарсан зарим ААН тендерийг хэрэгжүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн байна. Иймд шилжих буюу энэ онд эхэлж, ирэх онд үргэлжлэх хөрөнгө оруулалтын ажлууд буурсан дүнтэй байна.

Засгийн газар дараах хоёр төсөлд нийт нэг тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргана:
ТАВАН ТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ. Энэ төслийг яаралтай хэрэгжүүлж, “Оюу толгой” компанийн өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг хангахыг Эрчим хүчний яам зорьж байна. Тус компани жил бүр 100-130 орчим сая ам.долларын төлбөрийг БНХАУ-аас цахилгаан худалдан авахад зарцуулдаг. Далд уурхайг ашиглаж эхэлснээр энэ дүн 250 сая ам.доллар болно. Иймд Эрчим хүчний яам тус компанитай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг энэ онд багтаан байгуулахаар ажиллаж байна.     

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСӨЛ. Арван жилийн өмнө бидэнд тулгарч байсан асуудал дахин нүүрлэв. Энэ нь шатахууны хомсдол. Иймд Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж эхэлсэн газрын тосны үйлдвэрийг яаравчлах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. Шатахууны гэнэтийн саатлын сацуу манай улс жилд 1.2 тэрбум ам.долларыг ОХУ-д төлдөг тул валютын гадагшлах урсгалыг зогсоох нь төгрөгийн ханшид эерэг нөлөөтэй.                       

Газрын тосны түүхий тос дамжуулах хоолойн нийт санхүүжилт 600-700 сая ам.доллар. Үүний 500  сая ам.долларт Засгийн газар баталгаа гаргана.