Хөдөлмөрийн шинэ хууль хэрэгжсэнээр ажиллах хүчний өртөг 30-40 хувиар нэмэгдэж магадгүй

2022-01-10 10:30:04

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр ажиллах хүчний өртөг 30-40 хувиар нэмэгдэхээр байгааг “EuroChamber” мэдээллээ.

Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг 10 хувиар өсөж, Монголын уул уурхайн болон бусад салбарын компаниудын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж дүгнэсэн байна. Цаашлаад энэ салбарын хөрөнгө оруулалт улам буурахад нөлөөлж болзошгүй гэж үзжээ.

Шинэ хуулиар 14 хоног ажиллан, 14 хоног амрах зохицуулалт орсон аж. Энэ нь ажил олгогчдод ажилтнуудынхаа тоог 25 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүсгэхээр байгаа бөгөөд энэ нь компаниудад санхүүгийн дарамт болно гэж Европын худалдааны танхимын мэдээлэлд дурджээ.

Мөн хуульд ажлын цаг тооцох, илүү цаг тооцох талаарх хуулийн заалтууд бодит байдалд нийцэхгүй хэмжээгээр дундаж цалингийн хэмжээг нэмнэ гэж тус байгууллага үзэж байна.