2021 онд импорт 29 хувиар өсжээ

2022-01-10 10:30:36

Манай улс өнгөрсөн онд импортоор 6848.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. 2020 оны мөн үеэс 1 549.7 сая ам.доллараар буюу 29 хувиар өссөн байна.

Импортын барааны нийт дүнд

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1248.7 сая ам.доллар буюу 18.2 хувь;
  • Эрдэс бүтээгдэхүүн 1338.2 сая ам.доллар  буюу 19.5 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1131.8 сая ам.доллар буюу 84.6 хувь);
  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 962.6 сая ам.доллар буюу 14.1 хувь; Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1228.4 сая ам.доллар буюу 17.9 хувь;
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 567.2 сая ам.доллар буюу 8.3 хувь;
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 587.4  сая ам. доллар буюу 8.6 хувийг тус тус  эзэлжээ. Эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86 хувь ногдож байна.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал  АНУ-д 25, БНХАУ-д 33 хувь тус тус ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 97 сая ам.долларын бараа нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл

  • ХБНГУ-д 19.5 хувь,
  • Беларусьд 15.6 хувь,
  • БНХАУ-д 17.2 хувь,
  • Францад 16.9 хувь,
  • Энэтхэгт 4.6 хувь,
  • ОХУ-д 5.8 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг  Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн

  • 35.9 хувийг Францаас,
  • 15.6 хувийг Беларусиас,
  • 9.2 хувийг Австриас,
  • 13.9 хувийг БНХАУ-аас тус тус олгожээ.

Манай улс дэлхийн 159 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос ОХУ-д 28.6 хувь; БНХАУ-д 36.4 хувь;  Японд 6.6 хувь; БНСУ-д 4.5 хувь;  ХБНГУ-д 3.3 хувь; АНУ-д 3.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82 хувийг эзэлжээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар