Б.Лхагважав: Хөрөнгийн шинэ хуваарилалт өрнөнө

2015-08-31 14:50:40

-Эдийн засгийн ил тод байдлын хуулийн үр дүнд Монголд хөрөнгийн шинэ хуваарилалт явагдана-

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар наймдугаар сарын 3-14-ны хооронд ээлжит бус чуулган зарлан хуралдаж, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийг хуулийг баталсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталснаар Монгол Улсын эдийн засаг өргөжиж, татварын бааз суурь нэмэгдэнэгэж Монголын татварын алба үзэж байгаа юм. Хуулийн эцсийн үр дүн, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар Монголын бизнесийн хамгийн том нэгдэл болох Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.

-Сүүлийн хэдэн жилийн турш таны хөндөж ярьсан асуудал ээлжит бус чуулганаар биеллээ оллоо. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлуулахын төлөө ажиллана гэж хэлж байсныг чинь санаж байна?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, Монголын төр, засаг бизнесийнхэндээ ахиад нэг удаа боломж олгож байгаад талархлаа илэрхийлье. Энэ бол эдийн засагт хямрал нүүрлэж, гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй болсон хүнд үед ДНБ-ий 40 хувьтай тэнцэх сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа их хөрөнгийг ил болгох гэсэн, нэг үгээр хэлбэл, айлаас эрэхээр авдраа уудалсан зөв бодлого, шийдвэр. 

2007 онд Монгол Улс татварын өршөөлийн хуулийг баталсан ч, маш цөөхөн, ердөө 2840 аж ахуйн нэгж боломжийг ашигласан байдаг. Бусад нь хууль эрх зүйн мэдээлэл, мэдлэг дутсанаас хамрагдаж чадаагүй үлдэж, үүнээсээ болоод  нэг хэсэг нь өнөөдөр шоронгийн хаалга татахад хүрсэн нөгөө хэсэг нь хил, гааль татвар, хуулийнхны барьцаанд орчихсон байна. Тиймээс энэ хууль бизнесийнхэнд “эрх чөлөө” олгож байгаагаараа онцлог гэж хэлж болно.

Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед би зөвлөхөөр нь ажилд орохдоо нэг том зорилго өвөртөлсөн. Тэр нь хүлээсэнд орчихсон бизнес эрхлэгчдээ эдийн засгийн өршөөлд хамруулах явдал байсан хэрэг. Сүүлийн гурван засгийн үед яригдсан, Н.Алтанхуягийн засгийн үед нэг удаа УИХ-д өргөн баригдаад буцаагдсан, Ч.Сайханбилэгийн засгийн үед хоёр удаа орж байж, энэ хуулийг  ээлжит бус чуулганаар  баталлаа.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр томилогдохдоо гишүүдийнхээ өмнө Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулахын төлөө ямар ч байсан хичээж ажиллана гэдгээ амалж байсан нь үнэн. Амлалт маань талаар болсонгүй. Гэхдээ  миний хувьд хөрөнгөө ил болгосон ч татвар төлөх явцдаа алдаа гаргаж, акт, торгууль, алданги тавиулсан баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг маань нэгдүгээрт хамруулах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байсан юм. Харамсалтай нь, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулийн завсарт тэд маань орхигдчихлоо. Энэ нь зарим хүмүүст шударга бус санагдаж байгааг үгүйсгэхгүй.

-Хөрөнгөө ил тод болгосон ч татвараа цагтаа төлөөгүйгээс акт торгууль тавиулсан, аль эсвэл шударгаар татвараа төлөөд явж байгаа зарим бизнесменд хөрөнгөө нууж, хааж, авлига авч, өгч явсан хүмүүсийг өршөөхөөр болсон нь шударга бус санагдаж байгаа биз. Хэрэв ингэх байсан юм бол хэрэггүй татвараа төлдөг байж, хөрөнгөө хэрэггүй ил болгодог байж гэсэн шүүмжлэл яваад байна л даа, гадуур?

-Анх зөвхөн бизнес эрхлэгчдэдээ боломж олгохоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай дагалдуулж, Эдийн засгийн өршөөл үзүүлэхээр Засгийн газрын төвшинд яригдаж байсан юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зорилго бол өөр л дөө. Харин Өршөөлийн хуульд Татварын ерөнхий хуулийг хамруулах хэрэгтэй байсан уу гэвэл тийм. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1.2.3 гэх заалтуудыг Өршөөлийн хуульд хамруулсан бол татвараа төлөөгүй гэсэн шалтгаанаар акт, алданги, торгууль тавиулсан аж ахуйн нэгжүүд адилхан хамрагдаж, ямар нэгэн гомдол, шүүмжлэл гарахгүй байсан байх..Өршөөлийн хуулийн гол зорилго бол татвар төлөгч, баялаг бүтээгчдээ өршөөхөд чиглэх ёстой байсан юм.Харамсалтай нь, Өршөөлийн хууль Засгийн газраас оруулж ирснээс тэс өөрөөр батлагдаж, улстөрчид маань өөрсдийгөө өршөөчихлөө. Бидний хүсч байсан зүйл бол бизнесийнхнээ ахин нэг өршөөгөөд, бүгдийг нь нэг гараанаас эхлүүлэх боломж бүрдүүлэхийг төрөөс, УИХ-аас хүсч, шаардаж байсан хэрэг.

-Одоо тэгээд эдгээр хүний хохь нь гээд үлдээвэл ёстой шударга бус явдал болно. Дараа нь хөрөнгөө ил болгочихоор, татвараа төлсөнгүй гээд акт тавьчихдаг, хөрөнгөө ил болгоогүй нь хождог юм байна гэсэн ойлголт бий болчихвол яах вэ?

-Би бодохдоо Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэн нэгэн улстөрч санаачлаасайгэж хүсч байна. Энэ субъект нь Засгийн газар, УИХ-ын аль нэг гишүүн, УИХ-ын дарга өөрөө ч байж болно. Тэгэхгүй бол нэг харгис арга байна. Тэр нь Татварын ерөнхий хуулийн дагуу, акт, алданги, торгууль тавиулсан хүмүүс өөрөө өөртөө Эрүүгийн хэрэг үүсгүүлэх. Муухай л даа, төр нь татвар төлөгчдөдөө өөртөө хэрэг үүсгүүлээд, яллах дүгнэлт үйлдээд, шүүхээр яллаад дараа нь өршөөх хэмжээний асуудал үүсгэх хэмжээний цоорхой гаргана гэдэг.  Тоглоом, шоглоом шиг байдалд бизнес эрхлэгчдээ оруулахгүйн тулд Өршөөлийн хуульд Татварын ерөнхий хууль багтана гэсэн ганц өгүүлбэр л оруулчих ёстой байсан юм шүү дээ, улстөрчид уг нь. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалсан, идсэн, уусан, өөртөө завшсан хүмүүсийг өршөөгөөд, өнөө хэдэн бизнес эрхлэгчдээ болохоор хоёр хуулийн завсарт хаячихсан. Энэ үнэхээр шударга бус.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол татварын цоо шинэ систем үйлчлэх үндэс суурийг нь тавьж өгч байгаа хэрэг. Санхүүгийн бүртгэл хялбаршина. Хөрөнгийн хуваарилалт явагдана. Нэг үгээр хэлбэл, энэ бүхний дараа хөрөнгийн шинэ хуваарилалт Монголд өрнөнө гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр үйлчилж байгаа төр давамгайлсан татварын систем өөрчлөгдвөл эдийн засагт гарах үр дүн нь бидний хүлээж байгаагаас эерэг гарч магадгүй.

-Нөгөө талаар татвараа шударгаар төлж байсан хүмүүст бас л доромжлол мэт санагдаж байгаа шүү дээ. Үнэнч шударгаар татвараа төлөөд явж байсан хэрнээ эцэст нь ямар ч урамшуулалгүй, зүгээр төрийн халамж хайрын гадаат үлдчихдэг?

-Хүний ой санамж богинохон юм даа. "Өнөөдөр татвараа шударгаар төлж байгаа бид ямар ч шагнал, урамшуулалгүй үлдэж байна" гээд шүүмжлээд байгаа нөхдүүд 2007 онд батлагдсан Татварын өршөөлийн хуулийн боломжийг хамгийн их ашигласан хүмүүс. Шударгаар татвар төлсөндөө хохирсон гэхээсээ илүү далд нуусан хөрөнгөө компаниуд ил болгочихвол зах зээлд өрсөлдөөн ихэснэ гэж айсан байж магадгүй юм. Учир нь Эдийн засгийн ил тод байдлын хуулийн дараа Монголд татварын цоо шинэ систем хэрэгжих юм шүү дээ.

-Татварын цоо шинэ систем ирэх оноос хэрэгжиж эхэлнэ гэлээ. Та яг юуг хэлж байна?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сараас татварын цоо шинэ систем Монголд үйлчилж эхлэх юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол татварын цоо шинэ систем үйлчлэх үндэс суурийг нь тавьж өгч байгаа хэрэг. Санхүүгийн бүртгэл хялбаршина. Хөрөнгийн хуваарилалт явагдана. Нэг үгээр хэлбэл, энэ бүхний дараа хөрөнгийн шинэ хуваарилалт Монголд өрнөх болно. Өнөөдөр үйлчилж байгаа төр давамгайлсан татварын систем өөрчлөгдвөл эдийн засагт гарах үр дүн нь бидний хүлээж байгаагаас эерэг гарч магадгүй. Арван зургаан жил шинэчлэгдээгүй, анх батлахдаа зорилго нь өөр байсан НӨАТ-ын хуулийг шинэчилснээр Монголын татварын системд олон жил ноёрхсон, сөрөг үзэгдлүүд хумигдана. НӨАТ төлсөн хуудсаа аваачаад хоёр хувийн буцаан олголтоо аж ахуйн нэгж, хувь хүн авдаг болно. Тэгэхээр ирэх оноос далд эргэлдэж байсан их мөнгө эрс багасна гэсэн үг.  НӨАТ-ын шинэ хуулийн дагуу бид хоёр наймаа хийлээ гэхэд та НӨАТ төлсөн баримтаа надаас нэхэх болно шүү дээ. Хэрэв Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасан хугацаанд хөрөнгө ил болгоогүй бол цаашид бизнесийн ертөнцөд оршин тогтноход хэцүү. Тэгэхээр Ил тодын хуулийг ер нь  шударга ёс гэхээсээ дараагийн шинэ системд орохын өмнө Монголын  төр бизнесийнхэндээ ахиад нэг удаа боломж олгож, нэг гараанаас эхлүүлэх гэсэн бодлого гэж хармаар байна. Бүх хүн, аж ахуйн нэгжүүдийг гудсан дор нуусан мөнгөө ил болгооч ээ, дараагийн системд бусадтайгаа нэг гараанаас хамтдаа орооч гэж Монголын төр боломж олгож байна гэж нэг хэсэг нь, Монгол Улс ирэх оноос татварын хамгийн таатай системд орох гэсэн шинэчлэл гэж нөгөө хэсэг нь харах хэрэгтэй болов уу. Шударга ёс яриад, бие биетэйгээ барьцаад байвал бизнесийнхэн хуулийн хүлээснээс хэзээ ч гарч чадахгүй, Монголын эдийн засаг томорч чадахгүй үлдэнэ. Бизнесийхэн маань өнөөдрийг биш ирээдүйгээ, том харах хэрэгтэй байгаа юм.Үнэндээ НӨАТ-ын хууль Монголын эдийн засгийг улам жижигрүүлсэн. Аж ахуйн нэгжүүд, хувь хүн  орлогоо 10 саяас доош болгох гээд дарчихсан, Монголын эдийн засгийн хөгжилд хамгийн том саад болсон хууль гэж дүгнэж болно. НӨАТ манайд гол утгаасаа хазайгаад, шал өөр татварын хэлбэрээр хэрэгжээд явчихсан юм.Үүнийг засахын тулд эхлээд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан хэрэг. Энэ намрын чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын хуулиа өөрчлөх хэрэгтэй. Яваандаа Монгол Улсын татварын бааз суурь ААНОАТ дээр бус ХХОАТ дээр тогтдог болох байх.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжсэнээр хичнээн хэмжээний хөрөнгө ил болох бол. Энэ хуулийн хүлээж байгаа үр дүн нь юу вэ?

 -Өмнөх Татварын өршөөлийн хуулийн хүрээнд 2840 аж ахуйн нэгж хөрөнгө ил болгоход 5.6 их наядын хөрөнгө ил болж байсан юм. Тэгэхээр энэ удаагийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үр дүнд манай улсын нийт актив 8-9 их наяд төгрөгийн хөрөнгөөр нэмэгдэнэ. Монгол Улсын нийт актив хөрөнгө 8-9 их наядаар нэмэгдвэл тэр хэрээр манай Засгийн газрын гаднаас зээл, тусламж авах бололцоо өндөрсөнө. Эхлээд барьцахаасаа илүү, Монгол Улс эдийн засагт ямар хожил ирэх вэ гэдгийг бодолцох ёстой юм л даа.

-Ээлжит бус чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд орхисон. Энэ намрын чуулганаар уг хуулийн төслийг үргэжлүүлэн хэлэлцэх байх. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн хүрээнийхний дунд том айдас байгаа. Учир нь, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдийн засгийн гэмт хэрэг гэсэн бүхэл бүтэн бүлэг орж байгаа шүү дээ?

-Эрүүгийн шинэчилсэн найруулгад эдийн засгийн гэмт хэрэг гээд бүхэл бүтэн бүлэг оруулдаг нь өөрөө айдас дагуулж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд 166 гэсэн ганцхан заалт бий. Энэ заалтаас болж, өнгөрсөн хугацаанд 11240  компанийн захирал, нягтлан  бодогч АТГ болон цагдаа, шүүхэд дуудагдсан байдаг.  Ердөө л 19 сая төгрөг нууснаасаа болоод бизнесийнхэнд таван жилийн ял оноодог "хадны мангаа" шиг хуулийн ганц заалт шүү дээ. Ер нь бизнес эрхлэхэд хэцүү. Хүн бүхэн шударгаар, эрүүлээр өрсөлддөг гэж хэзээ ч байдаггүй юм. Бизнест бохир өрсөлдөөн олон. Эрүүгийн энэ заалтыг ашиглан өрсөлдөгчөө “нухах” сонирхолтой хүн ч бидний дунд цөөнгүй байгаа.  Нэг компанийн эзэн 200 сая төгрөгийн "Ланд" унаад явж байхад нөгөөх нь татварт “Энэ хүн ийм машин унаж байна. Ямар орлогоороо унаж байгааг нь тодруулаач” гээд нэргүй мэдээлэл өгөөд өрсөлдөгчөө намнах нь байдаг л үзэгдэл. Тиймээс АТГ-ын хамгийн их ашигладаг, хуулийнхан болон татварын байцаагчид бизнесийнхнийг “үнээ, гахай” болгодог ганц заалт чинь энэ шүү дээ. Ердөө 19 сая төгрөг нууснаасаа болоод хэн ч гэсэн таван жил шоронд хоригдохгүйн тулд хууль, татварынхныг авлигадах хэрэгтэй болно. Ганцхан заалтаас болж өчнөөн хүн хуулийнхны хүлээсэнд орж болдог гэдгийг бид өнгөрсөн жилүүдээс хангалттай харсан. Гэтэл бүхэл бүтэн бүлэг Эрүүгийн хуульд ороод ирэхээр бизнес эрхлэгчид чинь айхгүй яадаг юм бэ. Үүнээс болж Монголын бизнесийнхэн бүгд шоронд, эсвэл бүгдээрээ хуулийнхний “үнээ, гахай” болохгүй гэх газаргүй. Тиймээс хуулийг дагаж мөрдөх процессийг нь маш тодорхой оруулж ирэх ёстой гэж бодож байна. 

-Танхимаас  энэ талаарх байр сууриа хууль санаачлагч болон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн үү?

-Манай С.Дэмбэрэл гишүүн Эрүүгийн хуулийн шиэн төсөл дээр идэвхтэй ажиллаж байгаа.

-Сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө ДБН-ий 40 хувьтай тэнцэж байгааг ярих юм. Яагаад монголчууд ийм их мөнгийг гудсан дороо нуучихав аа?

-Ер нь бол сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэдэг төр засгийн хууль бус оролцоо их байна гэсэн үг.  Хүмүүсийг гудсан доороор мөнгөө нуухад хэн тусалдаг гээч?

-Хэн?

-Татвар, хууль, Засгийн газар, Сангийн яамныхны оролцоотойгоор хүмүүс гудсан дороо мөнгөө нуухад хүрдэг. Хатуу ч гэсэн үнэн зүйл.

-Засгийн газрынхаа зургаан сайдыг явуулчихаад оронд нь томилох хүмүүсээ намууд одоо болтол тохиролцоогүй байна. Энэ бүхэн Үндсэн хуулийн хямрал гэж дүгнэх хүмүүс цөөнгүй.  Зарим улстөрч Үндсэн хуулийг өөрчлөөд УИХ тарах хэрэгтэй гэсэн санал гаргах боллоо. Та юу гэж үүнийг харж байна?

-1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. 1924, 1960 оны  эцэг хууль бол коммунист Үндсэн хууль байсан. 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх маш олон шаардлага байгаа. Засаглалын ч, эдийн засгийн хямралын ч үндэс нь Үндсэн хууль болчихоод байна. Үндсэн хууль бол ард түмэн, төр хооронд байгуулсан гэрээ. Энэ гэрээ маань цаг үеэсээ хол хоцорчихлоо. Тэгэхээр гэрээгээ шинэчлэх цаг болсон гэсэн үг.

Өнөөдөр гэхэд Монгол Улсын төрийн мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг Монголбанк нь, Хүний эрхийг хамгаалдаг Хүний эрхийн комисс нь, Монгол төрийн үзэл сурталын бодлогыг  олон нийтэд түгээх ёстой МҮОНРТ нь бүгдээрээ Үндсэн хуулийн бус. УИХ-аас хамааралтай учраас МҮОНРТ-ийнхэн З.Энхболдод архичин, согтуугаараа доромжлуулаад сууж байна. Гэтэл бусад оронд мөнгөний бодлогоо, хүний эрхийн бодлогоо, үзэл сурталын бодлогоо Үндсэн хуулиар хамгаалсан байдаг юм. Монголбанкны ерөнхийлөгчийг гэхэд УИХ-ын дарга асуудлыг нь оруулж ирээд шийдчихэж байна. МҮОНРТ бол үндэсний, төрийн бодлогыг нэвтрүүлж байх Үндсэн хуулийн байгууллага байх ёстой. Гэтэл бас л аль нам ялна, түүний бодлогыг магтан дуулагч болсон. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа юм бол энэ гурван бодлогоо, энэ гурван байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох шаардлагатай. Дараа нь нийтийн хамааралтай өмч гээд ярих олон зүйл байна. Ямарч байсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон нийтээс хэлэлцүүлэх авах байлгүй. Учир нь, би түрүүнд дурдсан Үндсэн хууль бол ард түмэн, төр хоёрын хоорондын харилцааг зохицуулах гэрээ гэж. Гэрээ хийж байгаа нэг субъект нь огт оролцохгүй байж болохгүй шүү дээ.

Эх сурвалж: news.mn