Эх үүсвэр нь хумигдсанаар банкууд ипотекийн зээлийн хүсэлт авахаа зогсоож, олголт нь удааширч байна

2022-06-03 12:13:24

Дундаж орлоготой иргэдийн хувьд орон сууцтай болох хамгийн том боломж нь ипотекийн зээл байдаг.

2013 оноос хойш хэрэгжиж буй уг хөтөлбөрийн дагуу 2022 оны эцэс гэхэд нийт 100 мянга гаруй өрх орон сууцтай болжээ. Энэ хугацаанд харьцангуй тогтвортой үргэлжилж байсан ч сүүлийн саруудад арилжааны банкууд зээлийн хүсэлт авахаа зогсоож эхлэв. Иргэд авах байраа тооцоолж, урьдчилгаа төлбөрөө хуримтлуулсан байгаа хэдий ч зээл авах боломжгүй буюу банкууд хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаад бухимдалтай байгаа юм. 

Шадар сайд ч мөн ипотекийн зээлийн гүйцэтгэл оны эхний дөрвөн сарын байдлаар дөнгөж 25 хувь байгааг шүүмжилж, удаашралтай байгаа шалтгааныг судалж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ.

Иймд ипотекийн хөтөлбөрийн зээл олголтын нөхцөл байдлын талаар энэ удаад хөндөж байна.

Монголбанкнаас зээл хэвийн олгож байгаа гэж мэдээлсээр байгаа ч бодит байдал арай өөр байгааг иргэд хэлж байна. Жишээлбэл, зарим банк зөвхөн эрүүл мэндийн салбарынхны зээлийн хүсэлтийг авч байгаа бол зарим нь ипотекийн зээл судлуулах дарааллыг бүртгэж байгаа юм. 

Г.Намуун: Арилжааны банкуудад 2,000 гаруй өрхийн нийт 200 тэрбумын төгрөгийн зээл судлагдаж байна

Төв банкнаас ипотекийн зээлийн явцын талаар тодрууллаа.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Ахлах эдийн засагч Г.Намуун "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ оны тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 13 мянган зээлдэгчийн 824 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт банкууд дээр нэмж ирсэн. Өмнөх оны хүлээгдэж байсан хүсэлтүүд болон шинээр ирсэн хүсэлтээс 187 тэрбум төгрөгийн зээлийг 2,300 орчим өрхөд олгосон.

223 тэрбум төгрөгийн 225 зээлдэгчийн хүсэлт нь журмын шаардлага хангаагүй гэх тодорхой шалтгаанаар буцаагдлаа. Одоогоор арилжааны банкуудад 200 тэрбумын төгрөгийн 2,000 гаруй өрхийн зээл судалгаанд байгаа.

Монголбанкны зүгээс цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний дагуу ипотекийн хөтөлбөрийг 2023 он дуустал үргэлжлүүлэн санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жилд ойролцоогоор 700 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанк болон банкны эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2022 оныг дуустал нийт таван удаа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Тав дахь удаагийн төлбөрийн хойшлуулалтаар 3.4 их наядын үлдэгдэлтэй, 63 мянган зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч, төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр хойшлуулаад байна" гэв.

Түүнчлэн өмнөх зээлдэгч нарын төлбөрөөр шинэ зээлийг санхүүжүүлж байдаг тул төлөлтийг хойшлуулсан нь эх үүсвэр хумигдах шалтгаан болсон гэдгийг Монголын Ипотекийн корпорацын гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлсэн юм.

Тэрбээр "Зээл удаашрах болсон гол нь шалтгаан нь эх үүсвэр нэлээд хумигдсан. 2017 оноос хойш иргэдийн төлөлтөөс хөтөлбөрийг эргэн санхүүжүүлж ирсэн. Энэ нөхцөл байдал нөлөөлж байна" хэмээв.

Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны хоёрдугаар сарын 9-нд "Ипотекийн зээлийн төлөлтийг цаашид хэвийн байдлаар нь үргэлжлүүлье гэх байр суурийг Монголбанкнаас баримталж байгаа. Зээл авсан иргэдийн төлөлт нь дараагийн зээлдэгч нарын эх үүсвэр, боломж болдог. Одоогоор энэ нь хязгаарлагдмал болж байгаа тул тэнцвэрийг хангах үүднээс хэвийн байдлаар үргэлжлүүлэх байр суурьтай байгаа" хэмээсэн билээ.

Цар тахлын тухай хуулийг он дуустал сунгах шийдвэр гарсан тухайн үед ипотекийн зээлийн төлөлтийг хэрхэх тухай нь нийтийн анхаарлыг татаж байсан юм. Учир нь өмнө нь зээл авсан хүмүүс төлөлтийг хойшлуулах нь ашигтай хувилбар байж болох ч шинээр авахаар төлөвлөсөн иргэдэд тийм ч таатай мэдээ биш байв.

Орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ өмнөх жилээс 25 хувиар өсөв

Ипотекийн зээлийн хүү 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 6 хувь болон буурсан нь зээлийн эрэлтийг нэмэгдүүлсэн гэхэд болно. Гэвч зээлийн хүү буурснаар иргэдийн сард төлөх мөнгөн дүн буурсан уу гэвэл эсрэг тооцоолол гарна. 

Монголын Ипотекийн Корпорацаас 2020 болон 2022 оны нөхцөл байдалд тулгуурлан тооцож үзэхэд, 20 жилийн хугацаатай ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 хувь болгож бууруулахад сарын эргэн төлөлт нь 14 хувиар багасахуйц байсан ч бодит байдал дээр үнийн өсөлттэй холбоотойгоор харин ч 11.6 хувиар өссөн гэж гарчээ.

Тодруулбал, 2020 онд орон сууцны нэг ам метр талбайн үнэ 1.9 сая байх үед 8 хувийн хүүтэй зээл авсан иргэн сард 642,667 төгрөг төлөхөөр байв. Харин 2022 онд м.кв-ын үнэ 2.4 сая болж өссөн байхад 6 хувийн хүүтэй зээл авч байгаа бол сард 717,104 төгрөг төлөх нь.

Монголбанк өнгөрсөн сард зах зээл дээрх орон сууцны үнийн мэдээллийг танилцуулсан. Үүнээс үзвэл шинэ орон сууцны үнэ нэг м.кв-ын үнэ дунджаар 3.2 сая болсон нь өмнөх оноосоо 24.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин хуучин орон сууцны үнэ дунджаар м.кв тутамдаа 3 сая төгрөг байна.