"Монголын гадаад өрийн хэмжээ өндөр учраас өгөөж багатай зээл авч, өр тавихгүй байх нь чухал"

2022-09-14 15:19:34

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.09.09) Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ-ыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, Дэлхийн Банк Групп Монгол Улстай 2021-2025 онд хамтран хэрэгжүүлэх “Түншлэлийн шинэ хүрээ” нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой нягт уялдаж байгааг тэмдэглэв. Сүүлийн хоёр жилийн хугацаанд КОВИД-19 цар тахал, дэлхийн улс төрийн нөхцөл байдал, хилийн боомт зэрэг гадны хүчин зүйлс Монголын эдийн засаг, тэр дундаа манай гадаад валютын нөөц, төлбөрийн тэнцэлд ихээхэн нөлөөлж байна. Эдгээр сорилтуудыг даван туулахын тулд бид Дэлхийн банктай нягт холбоотой ажиллахыг эрмэлзэж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг үр дүнд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлэн ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна гэв.

Харин хатагтай Мара Уорвик хэлэхдээ, Дэлхийн банк Монгол Улсын хамгийн сайн түнш нь байж, тус улсад хамгийн үр өгөөжтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Иймд миний бие тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг судлахаар Монгол Улсад ажиллахаар хүрэлцэн ирсэн. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, мөн “Шинэ сэргэлтийн бодлого” гарсантай холбогдуулан бидний зүгээс ямар оролцоо, дэмжлэг үзүүлэх боломжтой талаар судалж байна. Мөн Монгол Улсад ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээс хоёрыг онцлоход, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөс Тээвэр логистик болон Ухаалаг засаг гэсэн хоёр төслийг баталсан. Иймд ирэх намрын чуулганаар уг асуудлуудыг хэлэлцэн батлахад УИХ-ын даргыг дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсье гэв.

Үндэсний үйлдвэрлэл болон экспортыг дэмжих, мөн халамжийн бодлогыг өөрчилж, хөдөлмөр эрхлэлтийн цогц бодлогын хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Ингэхдээ Монгол Улсын гадаад өрийн хэмжээ өндөр байгаа учраас өгөөж багатай зээл авч, өр тавихгүй байх бодлогыг барих нь чухал гэсэн байр суурийг УИХ-ын дарга яриандаа онцлов.