Л.Амар: Алдагдалтай учир банкууд 6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох сонирхолгүй байна

2022-09-14 16:02:02

2022 оны эхний долоон сард нийт 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4500 өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олголоо. Мөн 2022 оны наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна гэж Монголбанкнаас мэдээлсэн.

Ипотекийн зээлийн талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар тайлбар өгсөн юм. Тэрбээр, 
 

Бодлогын хүү 10 хувь байхад зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох нь арилжааны банкуудад алдагдалтай. Тиймээс банкуудад ипотекийн зээл олголт удааширсан. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг арилжааны банкууд гарган хэрэгжүүлж байгаа. Арилжааны банкны эх үүсвэр өртөг өндөртэй учир 6 хувийн хүүтэй зээл олгоход алдагдал хүлээж байна. Тиймээс 60:40 гэсэн харьцааг 90:10 болгох саналыг Монголын банкны холбооноос арилжааны банкуудаа төлөөлж Монголбанкинд тавьсан.

Ипотекийн зээл олголтыг хэвийн үргэлжлүүлэх, нэмэгдүүлэх зорилгоор Монголын банкны холбоо  Төв банктай яриа хэлэлцээрийн түвшинд байна. 60:40 болгосон шийдвэр хоёр жилийн өмнө гарсан. Түүнээс өмнө энэ харьцаа 90:10 байсан. Энэ түвшинд нь оруулъя гэсэн санал юм. Удахгүй гацаанаас гарч зээл олголт сэргэх байх. Эргэн төлөлтийн хувьд ипотекийн зээл төлөлт хамгийн өндөр байдаг. 

-Арилжааны банкууд ипотекийн зээл олгож байгаа юу?
-Зээлийн хүсэлт авч, судалж байгаа. Ихэнх банк зургаан хувийн хүүтэй зээл олголтоо зогсоосон. Зээл олголт маш их хүлээгдэлтэй байгаа. Алдагдалтай учир банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох сонирхолгүй байна гэлээ.