“Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг бууруулж, “Хэсэгчилсэн дефолт” ангилалд оруулав

2022-12-14 09:05:59

“Mongolian Mining Corporation” 440 сая ам.долларын бондоо 100 сая ам.доллароор худалдан авах санал тавьсан ч 42.6 сая ам.доллар нь биелжээ

“S&P Global Ratings” Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг “CC” байснаас “SD” буюу “Хэсэгчилсэн дефолт” ангилалд оруулж буурууллаа. Мөн 2024 онд хугацаа нь дуусах ам.долларын бондын зэрэглэлийг нь “D” буюу “Дефолт” ангилал руу шилжүүлсэн байна.

“Mongolian Mining Corporation” 11 дүгээр сард бонд эзэмшигчдэдээ 9.25 хувийн хүүтэй 440 сая ам.долларын өрөө 100 сая ам.доллароор буцаан худалдан авах санал тавьсан юм. Энэ үед “S&P Global Ratings” зээлжих зэрэглэлийг нь бууруулах эрсдэлтэйг мэдээлж байв.

Энэхүү бонд буцаан авах саналыг бүх хөрөнгө оруулагч хүлээж аваагүй байна. Тус компани 1000 ам.доллароор үнэлж байсан өрийн бичгээ 630 ам.доллароор буюу нийт 42.6 сая ам.доллароор буцаан худалдан авчээ. Энэ нь нийт өрнийнх нь 9.68 хувьтай тэнцэж байгаа аж. Өөрөөр хэлбэл  100 сая ам.доллар хүргэх оролдлого нь амжилтгүй болсон юм.

“S&P Global Ratings” дээрх алхмыг дефолт зарласантай адилтган үзэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад ашиггүй төдийгүй, хэрэв энэ саналыг тавиагүй байсан бол “Mongolian Mining Corporation” 2024 оноос өмнө ам.долларын бонддоо дефолт зарлах байсан гэж мэдэгдэлдээ дурджээ.

С.Өнөрсайхан