МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

2015-09-24 09:46:42

“Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжлийг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн банктай хамтарч Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр CAREC-ийн “Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг энэ сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Чуулганд 26 улсын 350 орчим төлөөлөгч, олон улсын болон дотоодын томоохон хөрөнгө оруулагчид оролцож "Зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх" талаар өөрсдийн туршлагаас хуваалцахаас гадна CAREC-ийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд өөрийн улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудаа танилцуулна. Товчхондоо CAREC-ийн Хөрөнгө оруулалтын чуулганаар бүс нутгийн улс орнууд хамтран шинэ бизнес, шинэ хөрөнгө оруулалтын ямар боломж байгаа талаар хэлэлцэх юм. Монгол Улсын эдийн засгийн хөгжил уул уурхайн салбараас авах ашиг, мөнгөн орлогоос шууд хамааралтай байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг ихээхэн тэнцвэртэй бус байдалд хүрч, улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл суларснаас эдийн засгийн өсөлт аажмаар саарсан. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, уул уурхайн салбарыг ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд хил дамнасан төслүүд, бүс нутгийн хамтын ажиллагаа чухал юм. Монгол Улсын эдийн засаг, бизнесийн өрсөлдөх чадвар нь дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүчний салбарын хөгжлөөс шууд хамааралтай.“Эрдэнэс Монгол” ХХК нь энэхүү чуулганаар дамжуулж байгалийн нөөцийг оновчтой ашиглаж төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх, CAREC-ийн гишүүн орнуудтай хамтран бизнес эрхлэх боломжийг судлах, олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзах боломжийг Монголын бизнес эрхлэгчид, компаниудад олгохыг зорьж байна.