Б.Лхагважав: Дахиад олон компани босч магадгүй

2015-09-28 12:09:47

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-аас баталснаас хойш бараг сар гаруй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт хэр байна?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль энэ оны наймдугаар сарын 9-нд батлагдсан. Харин энэ есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар журам нь батлагдсан байгаа. Юуны өмнө нэг зүйлийг хэлэхэд, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол Өршөөлийн хуультай ямар ч хамаагүй.Тийм болохоор манай иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд энэхүү хуулийн дагуу, татвар, үл хөдлөх, гааль, нийгмийн даатгалын чиглэл гээд өөрт байгаа асуудлынхаа талаар хэрэгтэй мэдээлэл сайн авч, хуулийн хэрэгжих хугацаа буюу арванхоёрдугаар сарыг сайн ашиглаж авах хэрэгтэй байна.

Энэ бол маш том бололцоог нээж өгч байгаа үйл явдал шүү. Бүртгэгдээгүй ажил үйлчилгээ, хөрөнгийг ил гаргаж өгч байгаа хууль. Хуулийн гол зорилго нь хөрөнгийн дахин хуваарилалтыг шинээр хийж өгч, компанийн засаглалыг сайжруулж байгаа явдал юм. Мөн энэ намрын чуулганаар батлагдчих болов уу гэж найдаж байна, манай улс татварын системдээ нэлээд өөрчлөлт хийж байгаа. Жишээлбэл, өнгөрсөн долдугаар сарын 6-нд УИХ-аас батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн дагуу эцсийн хэрэглэгчид төлсөн татварынх нь хоёр хувийг буцаан олгох юм. Тэгэхээр 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зах зээлд хэн ажил үйлчилгээ эрхэлж байна, тэр хүн зөвхөн татвараа төлсөн нөхцөлд оршин тогтноно гэдгийг хэлье. Нөгөө талаасаа хяналтын маш том систем ажиллаж эхэлнэ гэсэн үг. Тийм учраас наана нь санхүү бүртгэл, үл хөдлөх, гааль татвар гээд бүх системээ цэгцэлж өгч байгаа юм. Нэг ёсондоо бүгдийн балансийг шинээр эхлүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн Шилэн дансны тухай хууль ирэх оны долдугаар сараас бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл татвар, нийгмийн даатгалын мөнгийг татвар төлөгчид бүрэн утгаараа хянаж эхлэх юм. Бизнесийн шударга, шинэ орчинг бүрдүүлэхийн тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Ирэх оноос санхүү, хяналтын том систем ажиллаж эхлэх учраас иргэд, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд том боломж гаргаж өгч байгаа гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дагалдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Харамсалтай нь, энэ хуульд хөрөнгөө ил болгосон ч татвараа цагтаа төлөөгүйгээс акт алданги, торгууль тавиулсан компаниуд багтаагүй гэх гомдол, шүүмжлэл гарах боллоо?

-Манай иргэд Татварын өршөөлийн хуулийг хүлээж байсан уу гэвэл үнэн. Харин Өршөөлийн хууль нэртэй шаал өөр хууль батлагдчихсан. Өршөөлийн хуулийг хэн их харж, хүлээж байсан бэ гэвэл татвар төлөх явцдаа мэдлэг чадваргүйн улмаас юм уу, ямар нэгэн шалтгаанаас болоод хүү, алданги, акт тавиулсан компаниуд. Эдгээр компани өршөөлд хамрагдах байх гэж хүлээж байтал Татварын ерөнхий хуулийг оруулалгүйгээр эрүүгийн болоод захиргааны хэргүүдийг өршөөлд хамруулахаар болсонд хамгийн их хүлээлттэй байсан хүмүүс хамгийн их гомдолтой үлдлээ. Үнэнийг хэлэхэд, тэд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хуулийн дунд хаягдчихлаа гэсэн үг. Үүнийг дахин, дахин яриад байгаа шалтгаан ньөршөөлд хамрагдах ёстой хүмүүс нь хамрагдаж чадалгүй хаягдчихсанд байгаа юм. Өршөөлийн хуулийн өөрчлөлтөөр энэ асуудлыг оруулж ирэх болов уу гэж найдаж, хүлээж байна. Энэ хүлээлтийн хамгийн том хэлбэр бол саяхан бараагаа үнэгүй тараана гээд баахан үймээн дэгдээсэн нэг компани байна даа. Өнгөрсөн жилийн статистикаас харахад, нийт 600 тэрбум төгрөгийн хүү, алданги торгууль тавиулсан компаниуд байна. Тэд энэ компани шиг ар араасаа босох байлгүй. Яагаад гэвэл шударга явсныхаа төлөө хаягдаж үлдээд, харин огт татвараа төлж байгаагүй, тайлангаа гаргаж өгч үзээгүй, хөрөнгө мэдүүлээгүй компаниуд нь ямарч торгууль, шийтгэлгүй, ямар нэгэн захиргааны болоод эрүүгийн хариуцлага хүлээхгүй гээд хамгийн давуу эрхийг эдлэх болчихоод байгаа болохоор шударга бус санагдаж байхыг үгүйсгэхгүй.Хийсэн алдаа зөрчилд тавьсан акт Өршөөлийн хуульд хамрагдах ёстой байтал хамруулсангүй. Ийм байдлаараа нийгэм дахиад л хүлээлт бий болгочихлоо.

-Энэ хүмүүсийг яагаад хамруулаагүй юм бэ?

-Уг нь гурван төрлийн этгээдэд өршөөл үзүүлэхээр төлөвлөж байсан юм. Нэгдүгээрт, улсад татвараа төлсөн хэрнээ хүү, торгууль тавиулсан, хоёрдугаарт, нууц тайлангаа гаргаж ирсэн, гуравдугаар, огт татварын тайлан өгч байгаагүй этгээдийг хамруулахаар төлөвлөж байтал эсрэгээрээ гуравдагч этгээдүүд хуулиас хамгийн их хожихоор байгаа. Эхний бүлгийг хамруулж байж хууль өөрөө шударга хэрэгжих ёстой байсан. Уг нь татварын хүү, алданги, тавиулсан хүмүүсээ эхлээд хамруулна гэсэн байр суурийг МАН-ын бүлгийнхэн барьж байсан юм. Харамсалтай нь, МАН-ын бүлэг гол хуралдаа суугаагүй. Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхэд МАН-ын бүлэг суугаагүй шүү дээ. Тэгэхээр энэ бүлгийн барьж байсан асуудал Өршөөлийн хуульд орж чадаагүй юм. Ер нь цаанаа бол хууль батлах процесс тодорхой субьектүүдийн эрх ашгийг хамгаалж гардаг. Долдугаар сард хаврын чуулган тарахаас өмнө энэ хуулийг баталж чадаагүй нь МАН-ын бүлгээс хамгийн эхлээд татварын хүү алданги, акт тавиулсан хүмүүсээ хамруулъя гэсэн шударга шаардлага тавьж байсантай холбоотой. Харамсалтай нь, энэ асуудлынхаа эцсийг үзээгүйгээс болоод ийм төвөгтэй, шударга бус асуудал үүсчихлээ.

-Та түрүүнд хэллээ дахиад олон компани “босч” магадгүй гэж?

-Улстөрчдийн хийж байгаа ажил шүү дээ. Саяны тэр шуугиан тарьсан компани шиг хүлээлттэй мянга гаруй компани байгаа. Тэд захаасаа аваад л “босч” эхэллээ. Нэгнийх нь асуудлыг Ерөнхий сайд яриад шийдчихдэг юм байж. Бусдынх нь асуудлыг тэгээд хэн шийдэх юм бэ. Бусад нь шуугиан дэгдээгүйдээ бас хохироод үлдэх үү? Хууль зүйн гаргалгааг нь заавал хийх ёстой

-Намрын чуулганаар хэлэлцэх Өршөөлийн хуулийн өөрчлөлтөөр энэ асуудал орж ирэх болов уу?

-Татварын Ерөнхий хууль багтана гэсэн ганцхан заалтыг оруулчихад л болох юм. Бүр тодорхой заалт оруулъя гэвэл Татварын ерөнхий хуулийн 73, 74 гэсэн заалтуудыг л оруулчих ёстой. Засгийн газарт энэ эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Би бол үүнийг Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр заавал хийх ёстой гэж үзэж байгаа. Аргыг нь хүртэл танд сая хэлээд өгчихлөө. Татварын ерөнхий хууль гэсэн ганцхан өгүүлбэр л багтаачих хэрэгтэй байгаа юм.

-Та хуулийг өөрчлөх ажлын хэсгийнхэнтэй уулзсан уу?

-Уулзсан, уулзсан. Ер нь бол 2008 оны Татварын өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүй үлдсэн хүмүүс л акт, алданги, торгууль тавиулчихаад яваад байгаа юм л даа.

-Прокурорын шатанд байгаа хэргүүүд яах бол. Сүүлийн гурван жилд 11 мянган компанийг цагдаа, прокуророос шалгасан тухай мэдээлэл байдаг юм билээ.

-Прокурорын шатанд байгаа хэргүүд бол Өршөөлд хамрагдчих байх. Харин акт, алдангийг татварын байцаагчид тавьдаг. Гол нь зөрчлийн акт тавиулсан хүмүүс. Тэр хүмүүс хамрагдаж чадахгүй, хашааны гадаа үлдчихлээ гэж ойлгох хэрэгтэй.

-Өршөөлийн хуульд “Саусгоби сэндс” компанийн төлөх ёстой 35 тэрбумын хэрэг хамрагдах уу?

-Хамрагдана. Яагаад гэвэл шүүхээр гэм буруу нь тогтоогдчихсон учраас.

-Шударга биш юм биш үү. Эрүү үүсгүүлсэн, шүүхээр гэм буруу нь тогтоогдсон хэргүүд өршөөлд хамрагдаад, татварын байцаагчдын тавьсан акт, торгууль таны хэлснээр “хашааны гадаа” үлдчихээр?

Татварын өршөөлийн хуулийг багагүй хүлээж байсан уу гэвэл үнэн. Харин Өршөөлийн хууль нэртэй шаал өөр хууль батлагдчихсан. Өршөөлийн хуулийг хэн их харж, хүлээж байсан бэ гэвэл татвар төлөх явцдаа мэдлэг чадваргүйн улмаас юм уу, ямар нэгэн шалтгаанаас болоод хүү, алданги, акт тавиулсан компаниуд байгаа. Эдгээр компаниуд өршөөлд хамрагдах байх гэж хүлээж байтал Татварын ерөнхий хуулийг оруулалгүйгээр эрүүгийн болоод захиргааны хэргүүдийг өршөөлд хамруулахаар болсонд хамгийн их хүлээлтэй байсан хүмүүс хамгийн их гомдолтой үлдлээ.

-Тиймээс л эхнээсээ энэ компаниуд эсэргүүцэл илэрхийлж эхэллээ шүү дээ. Өмнө нь 2008 оны Татварын өршөөлөөр нэг ийм арга хэрэглэж байсан юм. Акт, алданги тооцуулсан компани тухайн актынхаа 10 хувийг төлсөн тохиолдолд 90 хувиас нь чөлөөлж байсан. Засгийн газар энэ хэлбэрийг бараг ашиглах болов уу гэж бодож байна. С.Баярцогт сайд ийм гарц олох механизмыг судалж байгаа юм билээ. Ер нь бол улс төрийн хоорондох хэрүүлээс болоод маш том асуудал гээгдчихлээ гэж би харж байгаа Одоо тэгээд Засгийн газар түүнийг нь засах гээд явж байна. Д.Дорлигжав сайд хэлсэн байсан. “Анх миний оруулж ирсэн Эдийн засгийн өршөөлийн хууль шал өөр хууль болоод батлагдчихлаа” гэж. Энэ асуудал орхигдсоныг л сайд хэлсэн байх.

-Зарим нам, улс төрийн хүчин, улстөрчид Өршөөлийн хуулийг өөрчлөхдөө өнөө л нэг авлигачдаа өршөөх асуудлыг оруулж ирэх байдлаар цаанаа хор найруулж байна гэсэн хардлага явж байна?

-Ерөнхийлөгч залилан, авлигатай холбоотой дөрвөн заалт дээр хориг тавьсан. Өршөөлийн хуульд Эрүүгийн хуулийн нэг хэсэг заалтыг огт хөндөхгүй гэсэн байгаа. Тэр нь нөгөө 7-р зүйл заалт байгаа юм. Хорь гаруй заалттай.

УИХ Өршөөлийн хууль дээр гаргасан алдаагаа буцаад засах байх. Ер нь бол Өршөөлийн хууль яригдаж байхад Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг алга болгох, нэмэх хэлбэрээр эрх барьж байгаа аль ч нам өөрсдийн том “но”-г аваад гардаг. Ийм зүйл 2008 онд ажиглагдаж л байсан. 2008 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн зүйл заалтыг өөрчлөхөд өндөр албан тушаалтанд оногдуулах хариуцлагын заалт гэнэт алга болоод, буцаагаад хоёр сард оруулж ирж байсан. Би хэвлэлийн хурал хийж, цэцэд өгнө гэж энэ асуудалд байр сууриа илэрхийлж л байлаа. Тухайн үед УИХ алдаагаа засч байсан. Үүнийг сэтгүүлч та нар сайн судлах хэрэгтэй байгаа юм. Тэр заалтыг алга болсноор тухайн үед шуугиан дэгдээсэн олон хэргүүд бүгд шүүгдэхгүйгээр дуусч байсан. "Бөмбөгөр"-ийн, Хадгаламжийн банкны гээд л...

Эрүүгийн хуулиас зүйл алга болоход тэр зүйл, заалтад багтсан бүх хэргүүдийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт зогсдог юм. Дараа нь буцаагаад орууллаа гэхэд Эрүүгийн хууль эргэж үйлчилдэггүй. Харин Иргэний хууль арай хөнгөн болохоор буцаж үйлчилдэг. Энэ “цоорхой”-гоор маш том гэмт хэргүүд хариуцлагаас мултарсан. Одоо болохоор оруулах ёстой гол асуудлыг оруулахгүй чангааж байгаад том гэмт хэргүүдийг авч үлдэх гээд байгаа хэрэг. Тэгэхээр би юу гэж харж байна гэхээр, эрх барьж байгаа аль ч хүчин хариуцлагаас зугтахдаа Эрүүгийн хуулийг ашиглах гэж оролддог нэг хэлбэр байна. Нийгэм өөрөө маш эмзэг байна, улс төр ч их эмзэг байна. Тийм болохоор үүнийг нь цааш нь дэлгэрүүлж яримааргүй байна. Яагаад гэвэл, нийгмийн маш эмзэг үеийг ашиглан ямар нэгэн улс төр хийх вий гэж болгоомжилж байгаа учраас. Өнөөдрийн хувьд гэхэд л Өршөөлийн хуулийн алдааг засахаас илүү хоорондын хэрүүл хэлбэрээр “ашиглаж” байна шүү дээ.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол зүгээр л “шоу”, хэлбэр төдий, хэрэгжихгүй хууль гэж дүгнэх хүмүүс байна. Таны бодол?

-Энэ хуулийн хэрэгжих хугацаанд гааль, татвар, нийгмийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн асуудлаа гаргаж чадаагүй бол дараа нь хариуцлагаа үүрнэ шүү гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Хөрөнгө нуугаад болоод байсан. Гааль, татвараас бултаад яваад байсан. Цаашдаа энэ чигээрээ яваад байна гэж бодож байгаа бол ёстой “уучлаарай”. Та 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээнэ, ял үүрнэ гэсэн үг. Энэ бол алтан боломж. Тиймээс худал ярьсан хүмүүсийн үгэнд итгэх хэрэггүй юм л даа. Тэдний үгэнд итгэвэл өөрөө л хохирно. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ямар хүмүүс эсэргүүцэж байгааг би сайн мэдэж байгаа. Цөөхөн улс байдаг юм. Нэгдүгээрт, энэ хуулийн макро эдийн засаг, нийгэмд үйлчлэх гол юмыг нь олж хараагүй, 2016 оноос маш том хяналтын систем үйлчилнэ гэдгийг мэдэхгүй гэнэн улстөрчид ингэж яриад байгаа юм.

Нөгөө талаасаа сүүлийн 25 жил огт татвар төлж, үзээгүй, баялаг бүтээж үзээгүй, татвар төлөгчийн зовлонг мэдэхгүй хүмүүс ингэж яриад байгаа юм. Манай 76 дотроос хэн ингэж, чанга, дуугарч байгааг олон нийт харж л байгаа байх. Мөн энэ зах зээлд хүчний байгууллагыг ашиглаж, ашиг хонжоо олдог бүлэг хүмүүс ингэж яриад байгаа юм.

Монголд мафи бий болчихсон. Цагдаа, шүүх прокурор гээд хүчний байгууллагыг ашиглаж өрсөлдөгчөө дарж авдаг, түүгээрээ дамжуулан монопол байдлыг өөртөө бий болгодог хамгийн аюултай мафийн систем Монголд бий болчихсон. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар энэ мафийн системийг задлах юм.Бүх тайлан баланс, үл хөдлөх хөрөнгө ил болчихоор дахиж цагдаад рекетлүүлэхгүй, дахиж цагдаад авлига өгөх шаардлагагүй болчихож байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, буруу гарын мафийн системтэй хүмүүсийн бүх үйлчлүүлэгч нар байхгүй болж байгаа юм. Тэр хүмүүс л элдвийн юм ярьж, сэтгэгдэл энэ тэрээр хараадгийг би мэднэ л дээ. Үүнээс айсан хүмүүс л эсэргүүцэж байгаа. Хамгийн сүүлийн эсэргүүцэж байгаа хүмүүс 2008 оны өршөөлийн хуулийг хамгийн сайн ашиглаж чадсан хүмүүс. Тэд энэ зах зээлд өөр өрсөлдөгч нар оруулж ирэхгүй гэж эсэргүүцэж байгаа юм. Өөрсдөө өмнө нь 5.6 их наяд хөрөнгийг ил болгосон хэрнээ бусдад боломж олгохгүй гэж л далдуур тэмцээд байгаа хүмүүс. Яагаад гэвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гэхэд л 95 мянган аж ахуйн нэгж энэ зах зээлд орж ирэх юм. Нэг тайлан баланстай. Хөрөнгө нь бүгд албан ёсны. Тиймээс үүнээс айж байгаа хүмүүсийн яриа гэж бодож байна.

Ж.НЯМСҮРЭН