МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА

2015-09-29 14:01:09

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын эхээр хуралдаж эхлэх хүлээлттэй байсан боловч шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй хэд хэдэн асуудал тодорхойгүй байсантай холбоотойгоор хойшлоод байлаа. Харин өнөөдрөөс буюу энэ мягмар гарагаас хурлаа эхлүүлэх гэж байна. Төв банкны мөнгөний бодлогын зөвлөл энэ он гарснаас хойш гурван удаа хуралдсан. Энэ оны эхний хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувь болгож байсан бол 4 болон 7 дугаар сарын хурлуудаараа бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдсэн байна. Сүүлийн хурлын үеэр хэрэглээний үнийн индекс зорилтот түвшинд хадгалагдах боломжтой нь ажиглагдаж байсан юм. Ялангуяа нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буурсан, эрэлтийн гаралтай инфляци нэмэгдэхээргүй байгаа нь ажиглагдаж байжээ. Мөн төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч, алдагдалгүй гарах нөхцөл ажиглагдаж байсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас бага болж, улсын төсвийн зардал, алдагдал нэмэгдсэн хэвээр байгаа нь бодлогын хүүг бууруулах боломжийг хязгаарлаж байсан байна. Төгрөгийн өгөөжийг хадгалж, макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах чиглэлд бодлого баримталж байгаа гэж хэлж болно. Харин энэ удаад бодлогын хүүг хэвээр үлдээх магадлал хамгийн өндөр байна гэх хүлээлт шинжээчдийн дунд давамгайлж байна.