МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

2015-10-01 11:23:14

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2016 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. 2016 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулахдаа инфляцийг 5-7 орчим хувьтай байлгах, огцом хэлбэлзэлгүй зарчим бүхий уян хатан ханшийн бодлого баримтлах, банкны салбарын эрсдэлээс

сэргийлсэн бодлогыг авч үзсэн байна. Хэдий тийм боловч энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд улсын нэгдсэн төсөв алдагдалгүй батлагдах ёстой гэдгийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлж улсын төсвийг алдагдалгүй байлгах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангаж, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхийг тусгаж өгчээ. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцыг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах заалт оруулсан байна. Үүнээс гадна 2016 онд Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгээс хийх үнэлгээг хамтран зохион байгуулах, Монгол Улсын үнэлгээг дээшлүүлэх арга хэмжээ авах замаар эдийн засгийн эерэг орчинг дэмжих хэрэгтэй гэж үзсэн байна. Монгол Улс 2014 онд Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгээс хийсэн үнэлгээгээр хар жагсаалтад орохоос сэргийлж чадсан боловч хийгдэх ажлууд байсаар байгааг Монголбанк анхааруулж байсан юм. Хэрвээ хар жагсаалтад орвол Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт татарч, олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

З.Энхболор