Р.Отгонтулга: НӨАТ-ын орлого 100 тэрбум төгрөгөөр өснө

2015-10-09 11:05:40

“Дэлгүүрээр үйлчлүүлсний дараа тооцооны хуудсаа л хаяж болохгүй шүү” гэж захих эрхмийг Р.Отгонтулга гэдэг. Тэрбээр НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал. Энэ онд НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд ирэх жилээс иргэдэд урамшуулал олгохоор болсон билээ. Тодорхой хэлбэл, НӨАТ төлдөг байгууллагаас бүтээгдэхүүн худалдан авбал татварт төлсөн үнийн дүнгийнхээ 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг эргүүлэн авахаар болсон юм.

-НӨАТ төлөгч гэж ямар байгууллагыг хэлдэг вэ?
-Өмнөх хуулийн дагуу 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж НӨАТ төлдөг байлаа. Хуулийг шинэчилснээр босгын хэмжээ өөрчлөгдөж, 50 сая төгрөг болсон.

-Шинэ хуулийн дагуу иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг эргүүлэн авна гэж заасан. Тэгэхээр хувиараа аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөх чадварт нөлөөлөх юм биш үү?
-Зах дээр наймаа хийдэг худалдаачдын утсан дээр аппликэйшн суулгахаар болсон. Иргэд бараа бүтээгдэхүүн худалдаж авчихаад тооцооны хуудас авалгүй, аппликэйшнээ ашиглаад бүртгүүлэх юм. Хамгийн гол нь лангууны худалдаачидтай наймаа хийгээд үүнийгээ татварт бүртгүүлснээр иргэд сугалаанд оролцох боломжтой болно. Ирэх жил 22 тэрбум төгрөгийн сугалаа явуулах төлөвлөгөөтэй байна.

-Иргэд ийнхүү худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг татварт мэдүүлснээр лангууны худалдаачны орлогыг тодорхойлох боломж бүрдэх юм уу?
-Тийм.

-Лангуу түрээслэгчид орлогоо нуухын тулд өнөөх аппликэйшнийг ашиглахгүй гэвэл яах вэ?
-Саяхан бид Баянзүрх захад үүнийг туршиж үзсэн. Тус захад лангуу түрээслэгчдийн 80 хувь нь ухаалаг гар утастай байсныг онцолмоор байна. Чанарын хувьд харилцан адилгүй. Гэхдээ аппликэйшн суулгах боломжтой.

Манай ажилтан захын үүдэнд зогсоод иргэдэд тооцооны хуудсаа аваад сугалаанд оролцохыг уриалсан. Энэ үеэр иргэд худалдагчдаас тооцооны хуудсаа идэвхтэй асууж байна билээ. Эхний худалдагч тооцооны хуудас өгөхгүй гэсэн ч дараагийн лангууны хүн санал болгож байх жишээтэй. Өрсөлдөөн үүсээд эхэлсэн. Хоёр цагийн дотор л бүх худалдагч тооцооны хуудас өгч эхэлсэн. Энэ жишгээр ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бусад зах болон худалдааны төвүүдээс тооцооны хуудсаа нэхэмжлэх боломжтой.

-Энэ тогтолцоог манайд нэвтрүүлээд ямар ашигтай вэ?
-Энэ төрлийн үйл ажиллагаа нэвтрүүлж байгаа анхдагч орон бид биш. Саяхан Словак улс нэвтрүүлээд далд эдийн засгаа 70 гаруй хувиар бууруулсан байна. Тайваньчууд 75, Португаличууд 23 хувиар далд эдийн засгаа бууруулсан туршлага бий.

Манай орны хувьд энэ хэмжээ 40 орчим хувьтай тэнцэнэ гэсэн тооцоо бий. Түүнчлэн ирэх жилийн НӨАТ-ын орлогын хэмжээ 100 тэрбум төгрөг буюу 20 хувиар өсөх төлөвтэй.

-Иргэдэд урамшууллыг нь хэзээ өгөх вэ?
-2017 оны нэгдүгээр сард урамшууллыг олгоно. Урамшуулал буцааж олгоход иргэдэд чирэгдэл болохгүй. Бүртгүүлсэн банкны дансанд нь л шилжүүлчихнэ.

Э.Хулан