Нийгмийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй

2015-10-20 10:35:26

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд байгаа билээ. Хуулийн хэрэгжилтийг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн таван байгууллага хангаж ажиллаж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын хувьд л гэхэд ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй, тайлагнаагүй, дутуу төлсөн зэрэг зөрчлөө арванхоёрдугаар сарын 31-ний дотор барагдуулж, нэг удаа хуулийн хариуцлагаас чөлөөлөх хөнгөлөлтийг ажил олгогч нарт олгож байгаа юм. Харин энэ асуудалтай холбоотойгоор иргэдийн дунд төөрөгдөл гарчээ. Тухайлбал, хувь иргэн төлөөгүй, орхигдсон нийгмийн даатгалаа нөхөн төлж болно гэх ташаа ойлголт гарах болсон байна. Тиймээс энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн С.Лхагвадоржоос тодруулсан юм.


-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл ажил олгогч нар ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг дутуу бөглөсөн, төлөөгүй бол түүнийгээ ямар нэг хариуцлага хүлээхгүйгээр нөхөн төлөх боломжийг олгосон. Гэхдээ энэ нь хувь иргэн орхигдсон нийгмийн даатгалаа нөхөн төлж болно гэсэн үг биш биз дээ?

-Нийгмийн даатгалын тухай хуулиар албан журмын болон сайн дурын харилцаа гэдгийг хуульчилж өгсөн байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагууд заавал даатгуулах ёстой. Нэг ёсондоо хэн нэгнээс хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс авч ажил гүйцэтгэсэн тохиолдолд заавал нийгмийн даатгалд даатгуулах учиртай.

 Нөгөө талаас хэн нэгнээс цалин авдаггүй, ажил хийдэггүй, эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тэтгэвэр авдаг, оюутан бол сайн дурын даатгалд хамрагдах боломжтой. Энэ нь ажил хийхгүй байгаа хугацаандаа нийгмийн даатгалаа төлөх хүсэлтэй иргэдийг хэлж байгаа юм.

-Тэгэхээр энэ хөнгөлөлтөд зөвхөн ажил олгогч нар л хамрагдана гэж ойлгож болно биз дээ?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль бол заавал даатгуулах ёстой, ажил олгогч нарт зориулсан. Түүнээс биш сайн дурын даатгуулагчдад зориулсан хууль биш. Албан журмын даатгалын харилцаа буюу хэн нэгэнд цалин хөлс олгодог хүмүүстэй л холбоотой. Иргэн иргэнтэйгээ гэрээ байгуулаад цалин олгосон тохиолдол ч орно. Тэр цалин хөлс олгож, ажлаар хангаж буй иргэн заавал даатгалын харилцаанд орох ёстой байдаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай  хууль нь ийм иргэн, ажил олгогчдод л хамаатай юм.

Ингэж хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, тухайн ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй, нуун дарагдуулсан, бүртгүүлээгүй, зарим хэсгийг нь тайлагнаагүй тохиолдлуудад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар харж үзэж, алданги торгуулиас нэг удаа чөлөөлж буй харилцаа юм.

Иргэдийн хувьд энэ асуудлыг буруу ойлгож байна. “Нийгмийн даатгалаа төлөхдөө хэдэн сар завсардсан. Үүнийгээ нөхүүлж болох юм уу” гэж ихээр асууж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь зөвхөн ажил олгогчдод л хамаатай гэдгийг дахин сануулъя.

-Ер нь иргэд нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх ямар ч боломжгүй юу?

-Сайн дурын даатгуулагчийн хувьд дахин төлөх ямар ч боломжгүй. Нийгмийн даатгалын тухай хуулиар сайн дурын даатгалыг нөхөн төлөх боломжгүйгээр зохицуулагдсан байдаг. Тиймээс сайн дурын даатгуулагчийн хувьд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар ч тэр нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжгүй.

Б.ЗОЛЗАЯА