Эдийн засгийн цагаан толгой

2015-09-22 11:07:26

Төв банк

Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг төв банк гэнэ. Монгол улсын төв банкийг Монголбанк гэнэ. Монголбанкны үндсэн зорилт бол үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Энэ хүрээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барьдаг. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

1.2 Арилжааны банк

Төв банкны тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээдийг арилжааны банк гэнэ. Арилжааны банк дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

  • • Зээл, хадгаламж
  • • Гадаад дотоод төлбөр тооцоо
  • • Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах
  • • Гадаад валютын гүйлгээ
  • • Үнэт металл, эрдэнийн чулууны гүйлгээ, хадгалах, хадгалуулах
  • • Үнэт цаас гаргах, гүйлгээ хийх
  • • Санхүүгийн түрээс
  • • Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээ зөвлөмж, мэдээлэл өгөх
  • • Төв банкнаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа

Мөнгөний бодлого гэж юу вэ?

Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршино. Мөнгөний нийлүүлэлтийн дараах үндсэн арга хэрэгслүүд байдаг.

  • • Шууд арга
  • - Банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох
  • - Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх
     
  • • Шууд бус арга
  • - Заавал байлгах нөөцийн хувийг тогтоох
  • - Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулах
  • - Хүүний нэгдсэн бодлого явуулах (Төв банкны зээл, үнэт цаас)

2.2 Мөнгөний нийлүүлэлт

Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь тухайн улс орны хэмжээнд мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа бүх төрлийн активыг хэлнэ. Мөнгийг хөрвөх чадвараар нь дараах байдлаар ангилна:

  • 1. Мөнгө0(M0) Банкнаас гадуур гүйлгээнд байгаа бэлэн мөнгө
  • 2. Мөнгө1(M1) М0+Банкны харилцах болон хугацаагүй хадгаламжинд байгаа мөнгө
  • 3. Мөнгө2(M2) М1+Банкны хугацаатай хадгаламж болон бүх төрлийн валютын хадгаламжууд

Эдийн засагт мөнгө хичнээн хурдан эргэж байна төдий чинээ бага мөнгө шаардлагатай байна. Бэлэн мөнгө ба хадгаламжийн харьцааг Төв банкнаас зохицуулах боломжгүй бөгөөд эдийн засгийн хувьд бэлэн мөнгө аль болох бага байх нь үр ашигтай. Мөнгөний нийлүүлэлтийг тухайн улсын төв банкнаас зохицуулдаг бөгөөд хүүний түвшинээс хамаардаггүй харин хүүг тодорхойлогч болдог.

Төв банкнаас арилжааны банкуудад зээл олгох

Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аливаа банкны төлбөрийн чадварт 3 сараас дээшгүй хугацаанд хүндрэл бий болсон, банк өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарч, авсан зээлээ хугацаанд нь төлөх боломжтой гэж үзсэн тохиолдолд Монголбанк зээл олгоно. Ингэхдээ Монголбанк тухайн банкны зээлжих чадварын хязгаарт багтаан зээлийн хэмжээг тогтоох эрхтэй. Энэхүү зээл нь Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Монголбанкин дахь тухайн банкны харилцах данс, хадгаламж, Монголбанк хүлээн зөвшөөрөх активаар баталгаажсан байна. Банкинд зээл олгох нийтлэг журмыг Төв банкны тухай хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно.

 Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх

Монголбанк мөнгөний бодлогын бусад арга хэрэгслүүдийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд банкнаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийж болдог.

3.1 Инфляци гэж юу вэ?

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдлийг инфляци гэнэ. Үнийн ерөнхий түвшин гэдэг нь тодорхой нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин биш харин маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний дундаж үнийн түвшинг илэрхийлнэ. Иймээс инфляци нь олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний дундаж үнийн түвшин өсөх үзэгдэл тул инфляцийн үед зарим бүтээгдэхүүний үнэ буурч, зарим нь тогтмол байж ч болно. Гэхдээ эдийн засагт эргэлдэж байгаа ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр үнийн ерөнхий түвшин өсч инфляци бий болдог. Инфляци нь эрэлтээс болон нийлүүлэлтээс гэсэн 2 үндсэн шалтгааны улмаас үүсдэг.

Эрэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь хүн ам, айл өрхийн төлбөрийн чадвар нэмэгдэж харин үйлдвэрлэл, үйлчилгээний тоо хэмжээ хоцрох явдал юм.

Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээний зардал ихсэх эсвэл тэдгээрийн нийлүүлэлтийн механизм гажилттай болсноос үүдсэн инфляци юм. Энэ үед үйлдвэрлэлийн цалин, үндсэн түүхий эдийн үнэ “огцом” өсөх үндсэн дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмэгдсэнээс үнэ өсдөг.

Монгол улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн механизм олон жилийн турш үр ашиг муутай, тогтвортой бус байснаас нийлүүлэлтийн гаралтай буюу зардлын шалтгаантай инфляци байнга өндөр байж, тэр нь хэрэглээний үнийн индексийн өсөлтийг олон жилийн турш хоёр оронтой тоонд байлгаж ирсэн юм. Монголбанкнаас нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах арга хэмжээг Засгийн газартай хамтран “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүд”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

3.2 Хэрэглээний сагс гэж юу вэ?

ҮСХ-ноос айл өрхүүдийн хэрэглээ, түүний хэв маягт судалгаа хийсний үндсэн дээр хэрэглээний барааны сагсны бүтцийг тодорхойлдог. Өнөөдрийн байдлаар МУ-ын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Хэрэглээний сагсанд 2010 оны 12 сард өөрчлөлт оруулсан ба үүний өмнө тус сагс 287 төрлийн бараа, үйлчилгээнээс бүрдэж байжээ.

3.3 Суурь инфляци гэж юу вэ?

Суурь инфляци гэдэг нь хэрэглээний барааны сагснаас үнийн хэлбэлзэл ихтэй зарим барааг хасч үнийн түвшинг тооцсоныг хэлнэ. Хүнс болон түлш шатахууны үнийн савалгаанаас шалтгаалан зарим тохиолдолд төгрөгийн худалдан авах чадвар ХҮИ-т бодит тусгалаа олж чаддаггүй тул үнийн хэлбэлзэл ихтэй эдгээр бүлгүүдийг хасан суурь инфляцийг тооцдог байна. Хэрэглээний сагсанд зарим бараа үйлчилгээний үнэ улирлын хэлбэлзэл ихтэй байх нь байдаг. Гэтэл ийм барааны үнийн хөдөлгөөн нь зарим тохиолдолд эдийн засаг дахь нийт үнийн хөдөлгөөнийг бүдэгрүүлэх, эсвэл бүр төлөөлж чадахгүйд хүрдэг. Ерөнхий инфляци бол үнийн өөрчлөлтийн хэмжүүр байдаг бол суурь инфляци үнийн хандлагын хэмжүүр нь болдог байна. Ийм учраас Төв банкнаас улирлын хэлбэлзэл ихтэй мах, сүү болон хүнсний ногооны дэд бүлгүүдийн ХҮИ-ийн сагснаас хасч инфляцийг дахин тооцож эдийн засаг дахь үнийн ерөнхий түвшин хаашаа хөдөлж байгааг тодорхойлдог билээ. Тус үзүүлэлтийг суурь инфляци гэх бөгөөд суурь инфляци өсөөд эхэлбэл Төв банкнаас түүний эсрэг арга хэмжээ авах магадлал өндөр болдог.

3.4 Инфляцийн хүлээлт гэж юу вэ?

Харьцангуй үнэ чөлөөтэй байх (өсөх, буурах) нь туйлын ач холбогдолтой ч урт хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар муудах нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Тэгвэл инфляцийн хор хөнөөл нь чухамхүү юунд байна вэ? Хэсэг хугацаанд тасралтгүй үргэлжилсэн инфляци нь инфляцийн хүлээлтэд нэгэнт нөлөөлж эхэлсэн тохиолдолд эдийн засагт урт хугацааны хор уршиг учруулдаг байна.

Инфляцийн хүлээлт даамжирсан тохиолдолд эдийн засагт стагфляци (ДНБ-ний бууралт болон өндөр инфляци) нүүрлэх аюултай.

Инфляцийн хүлээлт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэд хэдэн жишээ авч үзье. Тухайлбал, инфляцийн хүлээлт өндөр үед хүмүүс өөрийн баялгаа биет хөрөнгөнд (газар, алт, мөнгө г.м.) байршуулж эхэлдэг. Гэтэл энэ нь бизнесийн хөрөнгө оруулалтын гэхээсээ илүү өсөн нэмэгдэж буй үнийн эсрэг хамгаалах арга хэмжээ болдог. Иймээс инфляцийн хүлээлт нэмэгдэж буй үед эдгээр хөрөнгий үнэ нь өөрийн үнэ төдийгүй инфляцийн эсрэг хэрэгслийн үнийг өөртөө багтаана. Ингэснээр эдийн засаг дахь хомс нөөцийн хувиарлалт оновчгүй болдог байна.

Мөнгөний худалдан авах чадвар буурна гэсэн хүлээлт бий болсон тохиолдолд хүмүүс өөрсдийн мөнгөн хөрөнгөө багасгах эрмэлзэлтэй болно. Хөрөнгө оруулалт болон хадгаламжаас олж буй орлогын бодит татварыг инфляци нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт хийх, хадгаламж бий болгох сонирхлыг үгүй хийдэг байна.

3.5 Дефляци гэж юу вэ?

Дефляци нь инфляцийн эсрэг зүйл бөгөөд үнийн ерөнхий түвшин буурах үйл явц юм. Энэ үзэгдэл нь бараа, үйлчилгээг худалдан авах хүмүүсийн эрэлт, хэрэгцээ буурснаар үйлдвэрлэгч компаниудыг өөрсдийн бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж алдагдал хүлээхэд хүргэдэг.

3.6 Бодлогын хүү инфляцийг хазаарлана

Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор 12,25 хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна. Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банкинд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг. Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банкинд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банкинд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Төв банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх нь ийнхүү нэг талаараа инфляцийг бага төвшинд барихад ач холбогдолтой ч эргээд бодит эдийн засагтаа дарамт болдог талтай. Учир нь бэлэн мөнгөний урсгал багасах эсвэл зээлийн хүү нэмэгдэх нь аж ахуйн нэгжүүдийн хувьд тийм ч таатай бус байх нь мэдээж. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саармагжих бэлэн мөнгөний урсгал багасах нь эдийн засгийн хурдтай хөгжлийг удаашруулах нөхцөл болдгийг эдийн засагчид хэлж байна. Тийм ч учраас бодлогын хүүг өсгөх гэдэг арга хэмжээг эдийн засагчид ялангуяа бизнесмэнүүд төдийлөн таашаадаггүй. Гэвч инфляцийг бага төвшинд барьж, ард иргэдийн нуруунд очих дарамтыг багасгахын тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй гэж олон улсын байгууллагуудын шинжээчид хэлдэг билээ. Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг.

3.7 Үнийн тогтвортой байдал?

Үнийн тогтвортой байдал гэдэг нь мөнгө өөрийн үнэ цэнээ байнга тогтвортой хадгалж байхыг хэлдэг. Энэ нь мөнгөө цулуулж байгаад хэсэг хугацааны дараа ямар нэгэн юм худалдан авах үед маш чухал. Жишээ нь: чи мөнгөө цуглуулж 10 евро болгоод дуутай диск авах гэтэл нөгөөх чинь 12 евро болжээ. Дахиад цуглуулж байгаад 12 евро болгоод очтол дискний үнэ дахин өсөөд 14 евро болсон байвал чамд ямар санагдах болоо? Аз болоход юмны үнэ үргэлж тэлж өсөөд байдаггүй.

4.1 Валютын ханш гэж юу вэ?

Валютын ханш гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгт бусад орны мөнгөн тэмдэгттэй харьцуулсан үнэ юм. Ханш нь байнгын хөдөлгөөнд оршин байдаг зах зээлийн тэнцвэржүүлэгч юм. Тиймээс ханшийн өсөлтийг барина гэдэг боломжгүй. Ханш уян хатан тогтох нь гадаад зах зээлийн гэнэтийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспортын болон дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжих замаар урт хугацааны өсөлтөд эерэгээр нөлөөлнө.

Валютын ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэхгүй байгаа үед төлбөрийн тэнцэл тогтворгүй болох, ханшийн хямрал, санхүү, эдийн засгийн хямралын эрсдэл нэмэгдэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар буурах, урт хугацаанд эдийн засгийн дархлаа суларч, байнгын тогтворгүй эдийн засагтай болох зэрэг сөрөг нөлөөтэй. Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг Монголбанк үргэлжлүүлэн баримтлах болно.

4.2 Валютын ханшийн хэлбэлзэлд Монголбанк ямар арга хэмжээ авдаг вэ?

Валютын ханшийн хэлбэлзэлд Төв банкнаас тодорхой хэмжээнд оролцоод ханшийн огцом хөдөлгөөнийг зөөлрүүлэх, саармагжуулах ажлыг хийж байгаа. Үүнд валютын дуудлага худалдааг тогтмол явуулж, зах зээлд валют нийлүүлдэг.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Дуудлага худалдааны мэдээлэл манай цахим хуудсанд тухай бүр тавигддаг.

4.3 Төгрөгийн ханшийн сулрал?

Тухайн орны өрсөлдөх чадвар сул байгааг ханшийн сулрал илэрхийлж байгаа юм. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны эдийн засаг ханшийн нөлөөнд автах нь их. Тэр тусмаа өсөлттэй эдийн засагт ханшийн хэлбэлзэл өндөр байдаг. Тиймээс аль болох импортын хэт хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэй.