Юанийн ам.доллартой харьцах ханш 2007 оноос хойших доод түвшинд хүрэв

2023-08-22 11:57:26

БНХАУ-ын Төв банк валютын ханшийг тогтворжуулах чиглэлд бодлогын арга хэмжээ авч байна.

БНХАУ-ын эрх баригчид юанийн ханшийн огцом савлагаанаас сэргийлэх арга хэмжээ болгож энэ долоо хоногт тус улсын Төрийн өмчит банкнуудыг валютын зах зээл дэх интервенцээ нэмэгдүүлэхийг даалгажээ. Түүнчлэн албаныхан юанийг уналтаас хамгаалахын тулд банкнуудын гадаад валютын нөөцийн дээд хэмжээг багасгах зэрэг арга хэрэгслийг ашиглахаар хэлэлцэж байгаа аж.

Юанийн ам.доллартой харьцах ханш 7.35 болж, сүүлийн 16 жилийн буюу 2007 оноос хойших хамгийн сул түвшинд ойртсоноор БНХАУ-ын эрх баригчид дээрх алхмыг авч байна.

Үүнээс гадна БНХАУ-ын Төрийн өмчит үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгч компаниуд өргөн хүрээнд алдагдал хүлээж буйгаа анхааруулсан нь тус улсын орон сууцны зах зээлийн хямрал хувийн хэвшлээс улсын санхүүжилттэй компаниуд руу шилжиж эхэлсний дохио болжээ.

БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу гарсантай зэрэгцээд тус улсын Төв банк сүүлийн хуралдаанаараа бодлогын хүүг 15 суурь нэгжээр бууруулах шийдвэр гаргаад байна. Үүнтэй холбоотойгоор зах зээлд зарим огцом хөдөлгөөнүүд ажиглагдаж байгаа юм.