2.2 их наяд төгрөгийн зээл чанаргүйджээ

2023-08-22 11:58:08

Энэ оны долоодугаар сарын байдлаарх мөнгө, зээл, үнэт цаасны зах зээлийн үзүүлэлтүүдийг ҮСХ танилцуулав.
 
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл долоодугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 5 хувиар өсжээ. Mөнгөний нийлүүлэлт (M2) урьдчилсан гүйцэтгэлээр 32 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5 (18.4%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 2.0 (39.5%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 1.3 (39.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 21.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 269.3 (1.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.8 (8.9%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.8 хувийг эзэлж байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 55.8 хувь нь иргэд,
  • 43.1 хувь нь хувийн байгууллага,
  • 0.6 хувь нь төрийн байгууллага,
  • 0.5 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага байна.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 46.7 (3.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 145.4 (11.8%) тэрбум төгрөгөөр өсжээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж байна.

Гадаад цэвэр актив 2023 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 4.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 811.1 (20.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.7 (38.4 дахин) их наяд төгрөгөөр өссөн байна. Дотоод цэвэр актив 27.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 250.3 (0.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 284.9 (1.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.