Хүн бүрийн гаргадаг санхүүгийн 9 алдаа

2015-10-05 11:14:58

 Цалингаас цалин хүртэл юу хэмнэж болох вэ?

Хэн ч цалингаас цалин хүртэл амьдрах хүсэлгүй байдаг мөртлөө үүнийг ганц боломжийн хувилбар гэж үздэг. Манайд ч гэсэн асар олон тооны гэр бүл ийм байдлаар буюу гэр бүлийнхээ төсөвт нэмэлт орлогогүй явж иржээ. Америкийн гэр бүлүүдэд ч бас ийм асуудал тулгардаг аж. CBSnews.com мэдээлснээр 2014 онд 38 сая гаруй америк гэр бүл цалингаас цалин хүртэл амьдралаа залгуулдаг тухай дурьджээ.

Гэтэл хувь хүний санхүүгийн талаар мэргэжсан шинжээчид энэ байдлыг өөрчилж болно гэж үзжээ. Кафе орж, кофе уух, ресторанд хооллох, бааранд шар айраг уух гэх мэтийн хэрэггүй зардлуудаас хэрхэн салах вэ гэдгийг эхлээд бодох ёстой аж. Ийм байдлаар хэмнэлт хийн, хоёр сар амьдрахад таны санхүүгийн байдлаа сайжирч, илүү мөнгө гарч ирснийг мэдэрнэ. Та энэ аргыг хэвшүүлэн, санхүүгийн илүү тогтвортой амьдралд орж болох юм.


2. Зээлийн карт дахь баланс

Зайлшгүй шаардлагатай эд зүйлсийг худалдан авахдаа зээлийн карт хэрэглэх нь хамгийн том алдаа юм. Хоёр дахь алдаа нь төлөгдөөгүй үлдсэн өр. Хэрэв та өрөө цаг тухайд нь дарахгүй бол картнаасаа авсан мөнгөнөөс илүүг эцсийн дүнд төлөх болдог гэдгийг мэдэх үү? Зээлийн байгууллагууд яг үүнийг хүлээж байдаг. Тэд өөрийн авах хувийн ихэнхийг ийм аргаар авдаг гэхэд буруудахгүй. Тиймээс энэ тухай зээлийн картаар төлбөр хийх бүрдээ бодож явах хэрэгтэй.


3. Ипотекийн зээл

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, наймааны үйлдлийн үнэ хөлснөөс реалторууд ашгаа авч байдгийг бараг бүгд мэднэ. Тиймээс байрны үнэ хэдий чинээ их байна төдий чинээ их шанг таны риелтор авч байдаг учраас тэд үйлчлүүлэгч нартаа үнэтэй байр аваарай гэсэн зөвлөмжийг өгөх нь их. Риелтор чинь таны сонирхлоос илүүтэйгээр өөрийн сонирхлыг эхлээд бодно гэдгийг санаж байх хэрэгтэй. Татварын тооцоо үл хөдлөх хөрөнгийн үнээс хамаардаг бөгөөд илүү үнэтэй байр авлаа гэхэд таны татвараас хожих хожил чинь бага, харин байрны хөлсөнд төлөх мөнгө их байх болно.


4. Хэмнэлт ба өр төлөлт

Зарим нэг санхүүгийн багш нар ямар санхүүгийн байгууллагаар үйлчлүүлж байгаагаасаа үл хамааран хэмнэх хэрэгтэй. Гэтэл тэр нь зөв биш хандлага юм. Та зээлийн өндөр хүү төлдөг, тэр нь хадгаламжийн дансанд байдаг хүүнээс өндөр бол танд хожил бараг үгүй. Энэ бол энгийн математик арга. Нэмэлт хүү төлөхгүйн тулд эхлээд өрнөөсөө салахыг оролдох хэрэгтэй. Үүний дараа гарч ирсэн мөнгийг харин хадгаламжийн дансанд хийж, мөнгө цуглуулах нь ашигтай.


5. Онцгой тохиолдолд зарах мөнгө

Бидэнд гэнэтийн ямар ч хэрэг гарч болно.  Онцгой тохиолдолд нэмэлт хөрөнгө гаргах шилдэг арга бол өөрийн тусгай санг бий болгох асуудал юм. Ойролцоогоор найман сард хэмнэлт хийсний дүнд тусгай сан бий болгож болно. Олон хүн элдэв зүйл гарахгүй гэж үл тоон, энэ бүгдийг мартаж орхидог. Жишээ нь, таны угаалгын машин эвдэрлээ гэхэд та шууд худалдан авах юм уу, элдэв хямрал хүлээж суух шаардлагагүй болно. Тиймээс л хэрэв танд ийм тусгай “дарсан” мөнгө байхгүй бол хэрэг гарахад өр тавих шаардлага ирнэ гэдгийг санаж явах хэрэгтэй.


6. Замбараагүй зарлага

Олон хүн өөрийн санхүүгийн байдалд сэтгэл дундуур явдаг. Гэтэл хичнээн их мөнгийг хэрэггүй үрж буйгаа мэддэггүй. Хэрэв та сарын турш тийм бага зэргийн үрлэгээ тооцоод үзвэл хэрэггүй зүйлд хичнээн мөнгө урсч буйг анзаарах болно. Та гэртээ хоол бэлтгэж ажилдаа очоод үзээрэй. Хичнээн их мөнгийг зоогийн газруудад үрж буйгаа мэдэх болно. Энэ хэмнэлтийг хийснээр таны халаасны мөнгө бага үрэгдэнэ. Тэр мөнгөөрөө та харин гэнэтийн зарлагын сан байгуулж болох юм.


7. Машин худалдан авах

Автомашин бол тансаглал биш хэрэглээ гэж үздэг хүмүүс бий. Ингэж боддог хүмүүс үнэтэй брэндийн араас хөөцөлддөггүй. Ямартай ч та машин авахдаа хэд хэдэн зүйлийг анзаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, ямар зорилгоор танд унаа хэрэгтэй болсныг, хоёрдугаарт, тэр машиныг хэрхэн ашиглах талаар бодолцох нь чухал. Зарим мэргэжилтнүүд заавал шинэ машин авах албагүй гэдэг. Шинэ машинд нээрэн ч цөөнгүй эрсдэл байдгийг санаарай. Зөвлөгөө авах, тохироо хийлгэх гэх мэтийн нэмэлт зардал үүсдэг тул та заавал шинийг биш сайн хэрэглэсэн хуучин машиныг арай хямдаар авч болно шүү дээ.


8. Гэр бүлийн төсөв

Та төлбөр тооцоогоо өөрөө хийдэг үү, гэр бүлтэйгээ зөвлөдөг үү? Гэр бүлийн төсвөө хэрхэн зарах талаар тэдэнтэй ярилцдаг уу?

Гэр бүлийн төсөв зохиох их амархан. Түүнийг хэнд хичнээн мөнгө хэрэгтэй байгаа, ямар зарлагаас татгалзаж болохыг тогтоосноор эхэлж болно. Үүний дараа гэр бүлийн гишүүн бүр зарлагаа тайлагнах ёстой. Тэд дараагийн сар хүртэл зарлагаа хэрхэн бууруулахад анхаарал тавих ёстой. Ингээд л гэр бүлийн гишүүн бүр нийтийн өрийг буулгах, санхүүгийн байдлаа хэрхэн сайжуулах вэ гэсэн эрмэлзэлтэй болчихвол аяндаа үр дүн харагдана.


9. Тэтгэвэрт гарахад бэлтгэх хэмнэлт

Тэтгэвэрт гарахад та хичнээн хэмнэлт хийснийг тооцоход бэрх л дээ. Гэхдээ энэ нь тогтвортой, тайван байх баталгаа юм. Олон хүн тэтгэвэрт гартал хаа байсан юм, төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэх мэтээр энэ тухай боддог байх. Гэтэл цаг хугацаа өнгөрч, нэг л өдөр түүнтэй нүүр тулдаг.  Хууль, дүрэм шинэчлэгдэнэ, дээр нь тэтгэвэр өндөр биш улс оронд амар тайван байдлаар тэтгэврийн насаа өнгөрүүлэхэд хичнээн их мөнгө хэрэгтэйг тооцоолоход бэрх. Та ажил хийж байхдаа тэтгэвэрт гарснаас хойших үеэс илүү хуримтлал үүсгэх боломжтой. Хэрэв та сар бүр тодорхой хэмжээний мөнгийгцааш хийж сурвал тэтгэвэрт гарах үед муугүй хуримтлалтай болсон байх болно. Сард 20 мянган төгрөг хадгаллаа гэхэд арван жилд 2,5 сая төгрөгтэй болох нь. Энэ бага мөнгө биш шүү дээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР