Наймдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 2.69 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ. Өөрөөр хэлбэл 2017 оноос хойших доод түвшинд хэвээр байна.
Одоогийн гарсан төлбөрийн тэнцлийн мэдээллийг харвал оны эхний долоон сарын байдлаар ашигтай байгаа ч урсгал дансны алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нэг тэрбум ам.доллароор нэмэгджээ. Энэ нь төлбөрийн тэнцлийг алдагдалд гол жин дарахаас гадна гадаад валютын нөөцөд дарамт учруулж байна.
Хэдийгээр экспорт нэмэгдсэн ч валютын орох урсгал өмнөх оноос ойролцоогоор 1.2 тэрбум ам.доллароор буурчээ. Энэ зөрүүг арилгах хүрээнд Монголбанкнаас арилжааны банкнуудад олгох валютын хэмжээг нэмэгдүүлсэн гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин онцолж байна. Он гарсаар Монголбанк цэвэр дүнгээр 2.2 тэрбум ам.доллар валютын захад нийлүүлжээ.
Оны эцэст нүүрсний экспорт нэмэгдсэнээр гадаад валютын албан нөөц өсөхөд нөлөөлж магадгүй байгаа юм. Мөн БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ өндөр хэвээр байна.