Чинээлэг гэр бүлийн алтан дүрмүүд

2019-09-04 13:02:36

Мөнгө. Хосуудын маргааны хамгийн халуун сэдвийн нэг. АНУ-ын гэр бүлийн дөрвөн салалт тутмын нэг нь мөнгө, санхүүгийн маргаанаас үүсэлтэй байдгийг судалгаагаар тогтоожээ. Монголд ч мөнгөнөөс болж тар түр хийдэггүй хосууд гэж үгүй. Монголын нэг өрх сард дунджаар 1.2 сая төгрөгийн зарлага гаргадаг байна.

Гэтэл нийт өрхийн тэн хагас нь үүнээс доош орлоготой байдаг аж. Ойролцоогоор 400 мянга гаруй өрх зарлагаа төлж дийлдэггүй орлогоор сарын хэрэглээгээ хангах гэж битүүхэндээ тооцоо бодож, толгойгоо өвтгөдөг нь үүнээс харагдана. Энэ хэрээр хосуудын харилцаа хүйтэрч, хэрүүлийн тоо нэмэгдэх нь тодорхой. Санхүүгээ хэн нь барих, сангийн сайдын албыг хэн хаших нь мэдээж хосуудын өөрсдийнх нь сонголт. Тиймээс сонголт хийх эрхийг танд үлдээе. Харин хэн нь санхүүгээ барихаас үл хамааран гэр бүлийн эдийн засгаа үр ашигтай зохицуулах зарим аргыг санал болгож байна. 

ӨРХИЙН ТӨСӨВ ГЭР БҮЛИЙН ХЭРҮҮЛИЙГ БУУРУУЛДАГ

Төсвийн тухай сонсмогцоо цөөнгүй хүн иргэдийн амьдралаас хол, аль нэг улсын төр засаг эсвэл компанийн захирлын сэдэв мэт ойлгодог. Тэгвэл орлого олж, зарлага гаргадаг хэн бүх хүссэн, хүсээгүй өөрийн гэсэн төсвийн бодлогоо өөрөө ч мэдэлгүй хэрэгжүүлж байдаг аж. Харин хэдийн зохицуулж ирсэн төсөвтөө бага зэрэг бүтээлчээр хандахад л хаанаа ч хүрэлгүй, нэг л мэдэхэд дуусчихдаг орлогоо алган дээрээ тавьсан мэт хянаж бас удирдаж чадна. Хэрэв та өрхийн санхүүгээ өөд татаж, хэмнэлт хийхээр төлөвлөсөн бол одоогийн орлого, зарлагаа тооцдог болж, тодорхой хэмжээний төлөвлөлт хийхээс өөр аргагүй. Тиймд эхлээд өөртөө тохирсон өрхийн төсвийг зохиогоорой.

НЭГДҮГЭЭР АЛХАМ:
Өрхийн орлогыг жагсаана. Сар бүрийн орлогоо эх үүсвэрээр нь ялгана.

ХОЁРДУГААР АЛХАМ:
Зарлагаа тодорхойлно. Үүний тулд эхлээд тогтмол зарлагаа жагсааж, цахилгаан, байрны төлбөр, утасны төлбөр, авто машины татвар зэргийг дундаж дүнгээр баримжаалан тооцно. Улмаар бусад зардлаа тодорхой хугацааны турш тууштай бүртгэж, гэр бүлийн санхүүгийн урсгалын ерөнхий дүр зургийг гаргаарай.

ГУРАВДУГААР АЛХАМ:
Орлого, зарлагаа тогтмол бүртгэх нь танд түвэгтэй санагдаж болох ч энэ нь өрхийн төсвөө сайжруулах хамгийн эхний атлаа энгийн арга аж. Хамгийн багадаа гурван сарын турш орлого, зарлагаа бүртгэснээр та өөрийн санхүүгийн урсгалаа “уншиж” эхэлнэ. Ингэснээр та өрхийн эдийн засагтаа дүн шинжилгээ хийх боломж бүрдэх бөгөөд энэ нь танд хэмнэлт хийх болон хуримтлуулах арга замуудыг илүү тодорхой зааж өгөх боломжтой. Улмаар мөнгөө юунд зарцуулж болох талаар урьдчилан төлөвлөгөө боловсруулна гэсэн үг. Өрхийн төсвийг тэмдэглэлийн дэвтэр, тооцоолол хийдэг хүснэгт, ухаалаг утасны аппликейшн гээд өөрт таалагдсан аргаараа хөтлөх боломжтой.

ЗАРДЛАА ЗАДЛААРАЙ

Хэр ихийг олсноос илүү хэрхэн зохистой зарцуулах нь чинээлэг иргэдийн хөрөнгө өсгөх гол түлхүүр юм. Тэгвэл өрхийн санхүүгийн төсвийн хамгийн нийтлэг “50, 30, 20” хэмээх аргыг танилцуулж байна. Энэ нь та өөрийн зардлаа дээрх хувиар нэн шаардлагатай, хүсэж буй болон санхүүгийн хэрэгцээнд гэж гурав хувааж зарцуулах юм. Энэхүү арга нь өрхийн төсвөө анхлан төлөвлөж буй, төлөвлөхөөр сонирхож буй хүмүүст тохиромжтой. Мөн та өөрийн амьдралын хэв  маяг, боломждоо тохируулан хувиа өөрөөр тогтоож болно.

Та орлогынхоо 50 хувийг амьдралд тань нэн шаарлагатай зүйлд зарцуулна. Үүнд байрны төлбөр, унааны зардал, хоол хүнс багтана. Харин орлогынхоо 30 хувийг хүсэж байгаа боловч заавал шаардлагагүй хувийн болон нэмэлт хэрэгцээндээ чиглүүлнэ. Эдгээр нь амралт зугаалга, дэлгүүр хэсэх зэрэг юм. Үлдсэн 20 хувийг хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх, зээлээ төлөхөд хадгалаарай.

“НЭГ ТӨСӨВ, ХОЁР ХЭТЭВЧ”

Гэр бүлийн харилцаанд “нэг төсөв, хоёр хэтэвч” хэмээх “хууль” үйлчлэх болсон нь энэ зуунд бий болсон томоохон өөрчлөлтийн нэг байлаа. Хамгийн гол нь олон зууны турш өрхийн санхүүг нуруун дээрээ үүрч ирсэн эрчүүд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Ялангуяа, орчин үеийн бүсгүйчүүд эрчүүдээс оюун ухаан, ур чадвараар дутахгүй болж санхүү, материаллаг байдлын хувьд хүчирхэгжиж байгаа нь “Нэг төсөв ба хоёр хэтэвч” хэмээх бичигдээгүй зарчим үйлчлэхэд хүргэжээ.

Хэрэв хосууд нэг төсөвтэй ч тус тусдаа бие даасан санхүүгийн байдлаа хадгалдаг бол гэр бүлийн харилцаанд сайн нөлөө үзүүлдгийг судлаачид тогтоожээ. Мэдээж, энэ нь гэр бүлийн хэн нэг нь нөгөөдөө бүх орлогоо өгнө гэсэн үг биш. 

Эхнэр нөхөр өөрийн орлогоос зохих хувийг нийтийн төсөвт нэмэрлэж, хоол хүнс, байрны төлбөр зэрэгт зарцуулна. Харин энэ нийтийн төсвийг хэн удирдах нь хэдийгээр өнөө хэр маргаантай байгаа ч зөвхөн хосуудын харилцан зөвшилцлийн үндсэн дээр бий болдог шийдвэр. Хамгийн гол нь эхнэр, нөхрийн хэн хэнд нь өөрийн хэрэгцээндээ зарцуулах мөнгө заавал байх ёстой. Жишээлбэл, эмэгтэй хүн өөртөө трико авахын тулд хоол хүнсний зардлаа илүүчлэх ёсгүй. Мөн эрчүүд тамхины мөнгөө эхнэрээсээ эсвэл хэн нэгнээс гуйгаад байж болохгүй юм.

САНХҮҮГИЙН ТОМООХОН НУУЦЫГ ХАДГАЛАХГҮЙ БАЙХ

Гэр бүлийн харилцааг эцэс болгодог нэг хүчин зүйлийн тоонд санхүүгийн нууцууд багтаж байна. Үүнд өр, зээлээс гадна эзэмшиж буй хөрөнгийн хэмжээ, их хэмжээний зардал, худалдан авалт зэрэг багтах аж. Хэдийгээр мөнгө санхүү нь хосуудын ярилцах дуртай сэдэв биш ч энэ төрлийн харилцаа холбоо илүү нээлттэй, ид тод, илэн далангуй байх нь үр дүнтэй аж. Тиймээс эхнэр, нөхөртэйгээ мөнгөний талаар ярилцаж байхыг сэтгэлзүйчид зөвлөж байна. Энэ нь нэг талаас харилцан хяналтыг бий болгож, мөнгөө хариуцлагатай удирдаж, аливаа асуудлыг хамтран шийдвэрлэхэд тусалдаг байна.

                                                                                                               эх сурвалж www.gogo.mn