Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

2020-08-05 12:44:15

2020 он гарсаар Монгол Улсын экспортын хэмжээ буурсаар байгааг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.

 

 

 

 

Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар манай улс нийт 11,255.6 мян.тонн нүүрс, 801.8 мян.тонн зэсийн баяжмал, 4,948.5 мян.тонн төмрийн хүдэр экспортолжээ.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

  • Нүүрсний экспорт 46.4 хувиар
  • Зэсийн баяжмал 8.3 хувиар
  • Төмрийн хүдэр 0.9 хувиар тус тус буурсан байна.

Уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ сарын 1-нээс "Ногоон гарц"-ын журам үйлчилж эхлэхээр болсон тухай  Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлж байв.

Тэрбээр "Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ЭСЯ-ны яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны үр дүнд наймдугаар сарын 1-нээс "Ногоон гарц"-ын журам үйлчилж эхлэхээр болж байна. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх хүрээнд жолооч нарын орох, гарах хөдөлгөөнийг зохицуулах тодорхой заалтууд багтсан журам юм. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас УОК-ын тогтоол гаргуулахаар төсөл оруулсан. Дараагаар нь Засгийн газарт өргөн барина.

Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц нэмэгдэх нөхцөл байдал харагдаж байна" хэмээн мэдээлж байсан юм.