Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн хүү буурч, зээл олголт өссөнөөр байрны үнэд нөлөөлөхгүй

2021-02-25 15:42:48

Монголбанкны хэвлэлийн хурал эхэллээ. Төв банкны удирдлагууд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн задаргааг танилцуулж байна.

Энэ хөтөлбөр Төв банкны энэ оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл буюу төлөвлөгөөтэй нь уялдаж байгааг Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцлов. Өнгөрсөн оны төлбөрийн тэнцэл 780 сая ам.долларын ашигтай, гадаад худалдааны тэнцэл 181 сая ам.долларын ашигтай гарсан, гадаад валтюын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрс суурь болжээ. Ирэх жилүүдэд инфляц 6 хувиас өсөхгүй, нүүрсний экспорт 2019 оны үедээ эргэж очсон тул энэ хөтөлбөр төгрөгийн ханшид дарамт үзүүлэхгүй гэв.

Энэ хөтөлбөр зургаан бүрэлдэхүүнтэй: 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд:               

  • Ажлын байр хадгалахад зориулж 2 их наяд  
  • Ипoтекийн зээлийн санхүүжилтэд 3 их наяд
  • Репо санхүүжилтэд 2 их наяд 
  • Стратегийн томоохон төслүүдийг дэмжихэд 2 их наяд 
  • Залуус, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  зээлд 500 тэрбум
  • ХАА-н бүтээгдэхүүн дэмжих зээлд 500 тэрбум төгрөг тус тус зарцуулна.

Монголбанк энэ хөтөлбөрийг боловсруулахад хамтран ажилласан тул дэмжиж оролцоно. 2020 он хөл хорио тогтоосон, эдийн засагт саарсан жил байв. Иймд энэ онд зайлшгүй тусгай хөтөлбөр боловсруулан эдийн засгийг сэргээх шаардлагатай. 2020 оны байдлаар улсын төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрлээ. ДНБ-ий 12 хувьд хүрсэн энэ алдагдлыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай гэсэн юм.        

Репо санхүүжилт өнгөрсөн оны сүүлийн улиралд эхэлж, одоогоор 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоожээ. Өмнө нь өндөр хүүтэй зээл авсан ААН-үүдэд энэ зээл ихээхэн үр дүнтэй хэрэгжиж байна. Зээлийн дундаж хүү 14.5 хувь байгааг буурууллаа. Энэ онд 2 их наяд төгрөгийг үүнд зарцуулна.

Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өмнө нь жил бүр 300-400 тэрбум төгрөг зарцуулдаг байв. Энэ нь өмнөх зээлдэгч нарын эргүүлэн төлсөн  нийт эргэн төлөлт юм.  Энэ онд 700 тэрбум төгрөг болж санхүүжилт өснө. Энэ бол хангалттай тоо. Учир нь бид 2013 оноос хойш энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.               

Ажлын байрыг хадгалахад зориулж, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгоно. Төв банкны бодлогын хүү одоо 6 хувь байна. Үүнээс ч бага хүүтэй зээл олгоно. Төв банканд банкуудын хадгалуулж байгаа 8 их наяд төгрөгөөс энэ санхүүжилтийг олгоно. Хүүний зөрүүг улсын төсвөөс гаргана.   

Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав:

-2020 онд барилгын салбарын уналт саарсан. Энэ онд энэ  салбар сэргэнэ гэж үзэж байна. Учир нь 12-р сард л гэхэд 9000 айл шинэ байранд оржээ. Энэ онд бид нийт 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо. Ипотекийн зээлийн хүү буурч, зээл өссөнөөр байрны үнэд нөлөөлөхгүй. Нэг болон хоёр өрөө байрны үнэд бага зэрэг өсөлт гарсан. Харин том хэмжээтэй байрны  үнэ өсөөгүй.

ЗЭЭЛ ОЛГОЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭЛГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСГИЙГ ӨСГӨЖ ЧАДАХГҮЙ

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:
-Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг гарч,10 их наяд төгрөгийг хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажилдаа орсон. Энэ онд манай эдийн засаг 6.4 хувиар өсөх тооцоог бид хийсэн. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл нь зээлийн нийлүүлэлт юм. Зээлийн өсөлт энэ онд 13-15 хувиар өснө гэж бид тооцоолсон. Энэ хэмжээнд хүрэхгүй бол манай эдийн засаг -2.8 хувь руу унах байв. Иймд зээлийн нийлүүлэлтийг өсгөх, нэн даруй хэрэгжүүлэх шаардлага үүссэн юм.     

Жил бүрийн хавар манай эдийн засгийн идэвхжил эхэлдэг. Барилга, уул уурхай, ХАА-н компаниудын үйл ажиллагаа идэвхэждэг. Тэр хэрээр зээл олголт өсдөг юм. Энэ үеийг тосож, бид тусгай нөхцөлтэй зээл олголтыг олон сувгаар зэрэг нэмлээ. Зэсийн үнэ өсөж, вакцинжуулалт эхэлсэн нь эдийн засагт таатайгаар нөлөөлнө. Эдийн засаг эргээд хурдан сэргэнэ гэж найдаж байна.  

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийг ямар ААН-үүдэд олгох вэ?
-2020 онд 60 мянган ажлын байрыг цомхтгожээ. Цаашид энэ тоог өсгөхгүйн тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн зээлийн бүтээгдэхүүн гаргав. ЖДҮХС-ийн журмын дагуу энэ зээлийг олгоно. Хүн амын орлогын албан татвар, НДШ төлж буй ААН-үүдэд энэ зээлийг олгоно. Нэг ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно. Тухайн ААН хүсвэл үүнээс бага хэмжээтэй зээл авч болно. Зээлийг банкаар дамжуулан олгох тул эрсдэл багатай гэж бид тооцсон. Зээлийн хугацаа 3 жил буюу харьцангуй урт тул ААН-үүдэд зээлийн дарамт болохгүй.  

Харин улсын төсвөөс нийт 120 тэрбум төгрөгийн хүүгийн татаас гаргана. Жилд 40 тэрбум төгрөг зарцуулна. Учир нь банкууд жилийн 9 хувийн хүүтэй хадгаламж татаад 3 хувийн хүүтэй зээл олгохоор 6 хувийн зөрүү үүснэ. Энэ зөрүүг улсын төсвөөс татаасаар  олгоно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Нийт зээлийн 60 хувьд нь Зээлийн батлан даалтын сан баталгаа олгоно. Банкууд зээлийн хүсэлтээ хүлээж аваад эхэлсэн.