Монголд анх удаа 100 хувь даатгагдсан компанийн бонд арилжаалагдаж эхэллээ

2015-08-25 12:01:45

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк нь андеррайтерийн үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсад анх удаа 100 хувь даатгагдсан “Эрчим бонд”-ыг  Монголын хөрөнгийн зах зээл дээр танилцуулж  байна.

Өнөөдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй арилжаалагдаж байгаа “Эрчим бонд”-ын нэрлэсэн нэгж үнэ нь 10.000 төгрөг бөгөөд нийт 50 мянган ширхэг буюу 500 сая төгрөгийн бонд арилжаалагдах юм.

“Эрчим Бонд”-ын жилийн хүү нь 18.5% (сарын хүү 1.54%) ба 6 сарын хугацаатай энэхүү бондын хүүгийн төлөлт нь хугацааны эцэст хийгдэхээрээ онцлогтой юм. Иргэд 2015 оны 8-р сарын 12-ны өдрөөс 8-р сарын 21-ний хооронд “Эрчим бонд”-ыг хямдруулсан үнэтэйгээр буюу нэгж тус бүрийг 9155 төгрөгөөр худалдан авч, хугацааны эцэст үндсэн үнээрээ тооцож хүүгээ хүртэх боломжтой.

Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээж байгаа энэхүү бондыг  “Эрчим Инженеринг” ХХК гаргаж, “Соёмбо Даатгал” ХХК даатгаж байгаа юм. Бондын үндсэн  андеррайтераар Голомт банк, туслах андеррайтераар “Голомт Секюритиз” ҮЦК ажилласан юм.

Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хэрэгжсэний дараа тус бонд нь хоёрдогч зах зээл дээр арилжигдах боломжтой болно.

“Эрчим бонд”-ыг гаргагч “Эрчим Инженеринг” ХХК нь 1999 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбартаа туршлагатай, ууган компаниудын нэг юм. Бондын эргэн төлөлтийг “Эрчим Инженеринг” ХХК нь бондын хугацааны туршид орж ирэх төслийн санхүүжилтээс хийх юм.

100 ХУВЬ ДААТГАГДСАН БОНД ГЭЖ ЮУ ВЭ?

Бондын даатгал нь санхүүгийн даатгалын нэгэн шинэ төрөл бүтээгдэхүүн бөгөөд энэхүү даатгалаар баталгаажсан бондын хувьд хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг даатгалын компани 100% батлан даана.

 


Үнэт цаасны танилцуулгыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Үнэт цаас гаргагчийн талаар энд дарж үзнэ үү.

Бондын арилжаанд хэрхэн оролцох тухай товч мэдээллийг дараах холбоосоос энд дарж үзнэ үү.

Бондын санхүүжилтийн хуваарь болон бусад холбогдох товч мэдээллийг та энд дарж үзнэ үү.